Богдхан уулын Төр хурахын аманд энэ сарын 4-нд гарсан ойн түймрийг холбогдох байгууллагууд одоо болтол бүрэн унтрааж чадаагүй байна. Тиймээс Богдхан уулын захиргаа энэ сарын 23-наас зургадугаар сарын 10-ний өдрийг хүртэл тус ууланд аялж, зугаалахыг хоригложээ. Энэ талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв "Хоёрдугаар сард түймэр гарсан бараг анхны тохиолдол энэ боллоо. Би олон түймэр унтрааж үзсэн ч ийм түймэртэй ховор таарчээ. Төр хурахын ам наран тал руугаа харсан, өвс ихтэй, сийрэг модтой газар. Түймэр нийт 20 га газарт гарсан. Өмнөх жилүүдийн түймэр ийм том хэмжээний газар хамарч байгаагүй. Тиймээс хорио тогтоохоос өөр аргагүй байна. Захирамжид заасан хугацааг хуурайшилтын идэвхтэй үе гэж нэрлэдэг. Хүмүүс үүнийг ойлгоосой гэж хүсэж байна. Түймэр гарах магадлал багатай зуны улирал эсвэл цас ихтэй өвөл ууланд гарч болно" гэв.