Бие нь энд тэндгүй хөх няц болж, нүд, толгойг нь цагаан самбайгаар битүү ороон, шээсний сүвэндээ гуурс залгуулсан бяцхан охины зургийг хараад өөрийн эрхгүй сэртхийж, сэтгэл үймэрч орхилоо. Тэр одоо энэ ертөнцийнх биш болжээ. Төрсөн эцэг, хойд эхдээ хэрцгийгээр зодуулсан дөрвөн настай охин эмнэлэгт хэдэн өдөр тарчилж байгаад энэ сарын 21-нд нас барав. Ийм хэрцгий, балмад үйлдлийн талаар талийгаач охины төрсөн ээжийнх нь найз гэх эмэгтэй өөрийн фэйсбүүк хуудсандаа бичсэнээр олон нийтэд ил болсон юм.
Түүний бичсэнээс товчлон хүргэхэд, “Охины эцэг болох Т.Ц нь миний найзтай гэрлээд 3-4 жил болж байна. Аргагүйн эрхэнд охиноо эцэггүй өсгөх болсон. Өнгөрсөн есдүгээр сард эцэг нь охиноо хүчээр авч явсан. Тэгтэл хоёрдугаар сарын 17-ны 09.00 цагт эцэг Ц нь ээж рүү нь залгаж, охин нь Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгааг дуулгасан. Эмч “Охин чинь хагалгаанд яаралтай орох шаардлагатай. Цус харваад 4-5 хоносон тул амьд үлдэх найдвар тун бага, биеийн байдал нь маш муу гэв” гэв.
Ингээд хөөрхий охин тав хоног үхсэн амьдын хооронд тарчилж байгаад хорвоог орхилоо” гэжээ. Олныг цочирдуулсан энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийнхэн уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Охины төрсөн эцэг болон хойд эхийг энэ хэрэгт сэжигтнээр татаж, цагдан хорьсон. Амиа алдсан охины үхлийн шалтгааныг тогтоолгохоор цогцсыг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэж өгсөн. Дүгнэлтүүд эхнээсээ гарч байгаа. Мөрдөн байцаах ажил дөнгөж эхэлж байгаа учраас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Охиныг хүчирхийлсэн байж магадгүй гэсэн мэдээлэл гарсан.
Гэхдээ Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүчирхийлээгүй болох нь тогтоогдсон. Явцын дунд цагдаагийн байгууллагаас тодорхой мэдээлэл өгөх болно” гэв. Мөн тэрбээр өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийлэлд 18 хүүхэд өртсөнийг дуулгаад, хүүхдийн эрх зөрчигдөж, хохирч байгааг мэдсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, иргэний үүргээ биелүүлэхийг ард иргэдэд сануулав. Талийгаач охины төрсөн ээжийн найз гэх эмэгтэйн бичсэнээр төрсөн охиноо хэрцгийгээр зодож, аминд нь хүрсэн Т.Ц, хойд эх нь гэгдэж буй Г.М нь нийтийн байранд хамт амьдардаг аж. Тэд хоёулаа бөө гэсэн мэдээлэл ч бий.
Мөн талийгаач охины төрсөн эцэг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээчээр ажилладаг байжээ. Цагдаагийн байгууллагаас түүнийг ажлаас нь түдгэлзүүлэн шалгаж байна. Охиныг өдөр болгон зодож дарамтлан, бие ч засуулахгүй, хоол ч өгдөггүй байсан гэж ярих, харсан гэрч олон байгаа тухай бичжээ. Үнэхээр тийм байдлыг эргэн тойрнынх нь хүмүүс харсан, сонссон юм бол цагдаагийн байгууллагад мэдээлээгүй нь харамсалтай. Хүний санаанд багтамгүй хэрцгий хэргийг олон нийтэд ил болгосон Э.Энхмандахтай утсаар холбогдон талийгаачийн ээжтэй уулзахыг хүссэн боловч “Хэргийг шалгаж байгаа учраас ямар ч мэдээлэл өгөх боломжгүй. Бид хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагад хандсан. Талийгаачийн ээж хэвлэлд ярилцлага өгөөгүй” гэв. Өрөвдмөөр, эмгэнэлтэйгээр хорвоог орхисон бяцхан охиныг хүндэтгэн жиргээчид төв талбайд энэ бямба гаригт лаа барьж, таван минут эмгэнэл илэрхийлэхээр болжээ.
Ч.БОЛОРТУЯА