Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадаадын иргэдэд уучлал үзүүлсэн талаар Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяраас тодрууллаа.
-Монгол Улсад төлөх татвараас зайлсхийсэн, гадаадын иргэдэд Төрийн тэргүүн уучлал үзүүлсэн нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна. Ийн шийдвэрлэх хуулийн үндэслэл хийгээд шалтгааныг тайлбарлахгүй юу?
-Монгол Улсын, эсвэл гадаадын иргэн гэдгээс үл хамааран ял шийтгүүлсэн хэн ч гэлээ Ерөнхийлөгчөөс уучлал хүсэх эрх нь манай Үндсэн хуульд бий. Ерөнхийлөгчид ч энэ эрхийг нь Үндсэн хуулиар олгосон. Бүх зүйл хуулийн хүрээнд хийгдсэн. Ерөнхийлөгч Монгол Улсын иргэдэд ч уучлал үзүүлсэн. Ер нь бид татвараас зайлсхийсэн хэргээр хэн нэгнийг хорих нь зөв шийдэл биш гэсэн бодлого барьж байгаа. Татвараас зайлсхийсэн 780 орчим байгууллагын хэргийг шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Тэр бүгдэд ял өгнө гэдэг зөв зүйл биш. Татвараас зайлсхийсэн хүнээр төлөх ёстой мөнгийг нь заавал төлүүлэх нь зарчим. Харин шоронд хорьчихоор хэн ч татвар төлөхгүй. Тухайн компани болон хувь хүн татвар төлөхөөс зайлсхийсэн бол тодорхой график гаргаж, төлүүлэх хэрэгтэй. Татвар төлөх үйл явц ч аж ахуйн нэгжүүдэд дарамт багатай байх ёстой. Төрийн зүгээс татвараас зайлсхийсэн, эсэхийг нь хянаж, ямар нэг хэмжээгээр торгууль тавьсан бол төлүүлдэг зарчимтай байвал манай улсын эдийн засагт ч хэрэгтэй. Жастин Каплагийн хэргийг шүүх хурлын эхний өдөр улсын яллагч торгох саналтай орчихоод, хоёр дахь өдөр нь хорих ял төлөвлөсөн байсан. Энэ бол байж боломгүй зүйл. Манай Эрүүгийн хуулийн процесс ийм л байна. Тэгээд ч татвар төлөх хүмүүс нь тэд биш, “Саусгоби сэндс” компани шүү дээ. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжийг уучлах тухай ойлголт байдаггүй. Тухайн асуудлаар давж заалдсан юм билээ. Шүүхээс ямар шийдвэр гарахыг мэдэхгүй. Шүүхээс төл гэснийг нь тэд төлөх ёстой. Тиймээс Эрүүгийн хуулийг шинэчлэх шаардлага байна. Цаашдаа хууль, эрх зүйн орчноо эргэж харах ёстой болжээ. Нөгөө талаас Ерөнхийлөгч энэ удаа улс, эх орныхоо нийтлэг эрх ашиг, олон улсын харилцаа, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, гадаадын хөрөнгө оруулалт, манай хуулийн тогтолцооны буруу жишиг гэх мэт олон зүйлийг харгалзан үзэж уучлал үзүүлсэн.
-Гадаадын иргэнд аль нэг улсаас ингэж уучлал үзүүлдэг жишиг байна уу?
-Энэ хэрэгтэй холбоотойгоор Филиппиний Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан иргэддээ уучлал үзүүлэхийг хүссэн. Иргэндээ уучлал үзүүлэхийг бусад улсын Төрийн тэргүүнээс хүсдэг жишиг олон улсад бий. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч манай иргэн Дамдинд хар тамхины хэргээр ногдуулсан цаазаар авах ялыг хэлтр үүлж өгнө үү гэсэн хүсэлтийг БНХАУ-ын даргад тавьж, амжилттай шийдвэрлүүлж байсан.
-Уучлал үзүүлснээр эдгээр иргэний хилээр орж, гарахаас өгсүүлээд бүхий л эрхийг нь сэргээж байгаа гэж ойлгож болох уу?
-Ер нь уучлал хүснэ гэдэг бол гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Эдгээр хүмүүст уучлал үзүүлсэн нь төлөх ёстой татвараас нь чөлөөлчихөж байгаа хэрэг биш. Хорих ялаас нь л чөлөөлж байгаа юм. Татварыг нь төлүүлнэ. Нэгэнт уучлал үзүүлсэн бол хилээр орох, гарах эрхийг хаахгүй. Манай холбогдох хуульд гэмт хэрэгт шалгагдаж буй хүмүүсийн хэрэг эцэслэн шийдэгдээгүй тохиолдолд хилээр гарахыг нь хориглодог.
-Үүнээс гадна нэг зүйл тодруулъя. Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан Л.Бямбасүрэн гэх эмэгтэйг нэг биш хоёр хүний аминд хүрсэн гэх мэдээлэл нь хэрэгтнүүдийг сайтар судалж, нягталдаггүй гэх ойлголтыг зарим хүнд төрүүлээд байх шиг байна. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Уучлал үзүүлэхтэй холбоотой судалгааг миний бие хийдэг. Холбогдох байгууллагаас лавлаж судалж, танилцсаны эцэст шийдвэр гаргадаг. Тэр эмэгтэй ялынхаа талаас илүү хувийг эдэлсэн. Ер нь эмэгтэй хүн зүгээр л хүн алчихна гэж байхгүй. Ямар нэг шалтгаан бий. Бид тэр бүхнийг судалж, харгалзаж үзсэн. Асуудлын гол нь нэг, эсвэл хоёр, бүр гурван хүний аминд хүрсэнд байгаа юм биш. Тийм зүйл хийхэд хүргэсэн шалтгаан юу байв гэдгийг харах нь л зүйтэй байх. Энэрэнгүй, хүмүүнлэг зарчим энэ тохиолдолд үйлчлэх ёстой гэж бид үзсэн.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хугацаанд нийт хэдэн хүнд уучлал үзүүлээд байна вэ?
-Нийт тоог тодорхой мэдэхгүй байна. Гэхдээ Ерөнхийлөгч жилд ойролцоогоор 15-20 орчим хүнд уучлал үзүүлдэг.
Б.УРАН