Амбулаторийн үзлэг, шинжилгээ, оношлогоо, өдрийн эмчилгээ, үйлчилгээ, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, уламжлалт, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээг даатгалаас санхүүжүүлж, өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний багцад нэмж оруулахаар тусгасан байна. Мөн даатгуулагчийн гадаад улс оронд хийлгэсэн эмчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас олгох зардлын дээд хязгаарт багтаан олгохоор төлөвлөжээ.
Эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураах, эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг батлахтай холбоотой харилцааг зохицуулах, даатгалын байгууллага нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах, чанар, хүртээмжид хяналт тавих, санхүүжилтийг тусламж, үйлчилгээний чанартай уялдуулах, эрүүл мэндийн даатгалын мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх, даатгуулагчид өгөх мэдээллийг сайжруулах үүрэгтэй байхаар зохицуулж байна.
Эрүүл мэндийн даатгалын байгууллагыг бие даалгаж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн даатгалын байцаагчийн эрх, үүрэг болон эрүүл мэндийн даатгалын тухай хууль зөрчигсдөд хүлээлгэх хариуцлагыг мөн тусгажээ.
УИХ-д өргөн барьсан нийгмийн халамжийн багц хуулийн төсөлд нийгмийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай /ядуу/ өрхийн гишүүний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцахаар заасан. Иймээс төрөөс шимтгэлийг нь хариуцдаг иргэдийн хүрээнд өөрчлөлт оруулж, энд дурдсанаас бусад өрхийн хүүхдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг эцэг, эх нь хариуцахаар төсөлд тусгасан байна.