Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 18 жилийн ой өчигдөр тохиов. 18 жилийн өмнө Улсын Бага Хурал Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг баталж, долдугаар сарын 1-нд гишүүдийг нь томилсон түүхтэй аж. Ийнхүү Үндсэн хуулийн “манаач”-дын ажил эхэлж, төрийн тогтолцоонд анх удаа бие даасан үйл ажиллагаатай, Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг чандлан сахиулах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий шүүхтэй болсон байна.
Ойн баяраа тохиолдуулж өчигдөр Үндсэн хуулийн цэцийн байран дээр Төрийн далбаа мандуулжээ. Цэцийн дарга Ж.Бямбадорж энэ үеэр “Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн цэц хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, ардчилсан төрийн тогтолцоонд байр сууриа баттай эзэлсэн. Үндсэн хуулийн хуулийн хамгаалалт, Үндсэн хуулийн “Шүүх”-ийн талаар хомсхон ойлголттой байсан олон түмэнд үүрэг зорилгоо бүрэн мэдрүүлж, Үндсэн хууль зөрчсөн аливаа үйлдлийг таслан зогсоож чадах цорын ганц газар мөн гэсэн итгэл үнэмшлийг ард түмнийхээ оюун санаанд гүнзгий суулгаж, тэдний итгэлийг бүрэн хүлээж чадлаа” хэмээн онцолсон байна.
Мөн албан хэрэг хөтлөлт, өргөдөл гомдлыг бүртгэх, хянах, архивын бүртгэл, хайлтын программыг хүлээлгэн өгөх ёслол Үндсэн хуулийн цэц дээр боллоо. Герман улсын Ханс-Зайделын сангийн хөрөнгө оруулалтаар тохируулж боловсруулсан эдгээр программыг ашигласнаар Үндсэн хуулийн цэц, түүний Тамгын газрын ажил автоматжиж, архивын бүртгэл, хяналт боловсронгуй болох нь.