Улсын баатар Э.Бат-Үүл үндэсний хөрөнгөтнүүдэд итгэхгүй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Тавантолгойгоо үндэсний хөрөнгөтнүүдэд өгчихье” хэмээсэн найрсаг монгол араншинг зэмлэсэн нь энэ. Төрийн хөрөнгөөр хайгуул хийж олсон орд газрыг “бизнесийн баячууд” Шанхай, НьюЙоркийн биржид хувьцаа болгон арилжаад, олзныхоо талыг халааслаж орхино хэмээн хардаж буйгаа нуусангүй. Түүний хардлага төрийг ч бас тойроогүй. “Тавантолгойгоо хулгайчаар мануулах гэлээ” хэмээн бухимдсан Э.Бат-Үүл төрөөс төрсөн авлигчдад итгэл өгөхгүй гэдгээ онцолж буй. “Ард түмний корпораци байгуулъя” гэж “шинэ санаа” гаргаад байгаа түүний уран сэтгэмж “Эзэнгүй эд эвдрэх нь амархан” гэсэн хэлц үгийг санагдуулаад байгаа нь хэцүү. Ийнхүү Н.Энхбаярын араас мөр гишгэн Тавантолгойд оюунаа уралдуулсан түүний авхаалжтай хувилбар төдийлөн дэмжлэг хүлээсэнгүй. Энэ зуур Монголын нүүрсийг дэлхийн хэрэгцээнд нийлүүлэх төмөр замын асуудал бодлогын хувьд УИХ-ын босгыг давж, харин гол үүц болох Тавантолгой тунаж үлдлээ. Нийгмээрээ хэлэлцэж, санал бодлоо уралдуулж буй тус орд газрыг ашиглах “боломжийн” хувилбаруудыг ард түмэн хэрхэн үзэж буйг “Сантмарал” судалгааны төв тандаж амжжээ.

Хэд хэдэн аймгийн оршин суугчдын дунд явуулсан уг судалгаанд оролцогчдын олонх нь Засгийн газар буюу Монголын төрд итгэж буйгаа илэрхийлсэн байх юм. Юутай ч уг судалгаа Тавантолгой тойрсон ашиглах, эзэмших эрхийн төлөөх тэмцэлд бодит хариулт болсон нь олзуурхууштай. Үүнээс гадна бас нэг зөрчил дэгдэх янзтай. Засгийн газрын боловсруулсан төсөлд уг орд газрыг хоёр хуваан ашиглах талаар тусгасан нь зарим талаар маргаан дагуулж байгаа. Өгөөж ихтэй, нөөц арвин хэсгийг нь гаднынханд өгөх гэлээ хэмээсэн хардлага дэгдэж буй нь үнэн. Хамгийн хүнд техникийн нөхцөл шаардсан хэсгийг нь монголчууддаа хуваарилсан мэт эндүү ойлголт нийгэмд зөрчил дэгдээж эхэлсэн гэж хэлж болно. Ингэж хардаж байгааг буруутгах аргагүй. Канадын стандартаар 7.0 тэрбум, Австралийн стандартаар 8.0 тэрбум тонноос илүү нөөцтэй гэгдэж буй Тавантолгойн орд газрыг хоёр хуваан ашиглах нь хамгийн сонгодог хувилбар буюу аятайхан заль, олзуурхууштай овсгоо гэдгийг энд дурдъя. Орд газрын нөөцийг хоёр хуваалаа гээд гаднын сонирхогч компаниуд нүүр буруулсан нь үгүй. Чухамдаа монголчуудад давуу эрх олгох гарц болсон энэ хувилбар эдүгээ нөөцийн тэгш хуваарилалт талаасаа эргэлзээ дагуулж буй. Үүнийг зарим бизнесийн бүлэглэлүүд мушгин гуйвуулах байдлаар буруу тайлбарласан нь ч бий.
Үнэн хэрэгтээ Талбай-1, Талбай-2 гэж нэрлэгдээд буй хоёр хэсгийн хамгийн нөөц багатай, техникийн нөхцөл шаардсан талбайг нь монголчуудад хуваарилсан хэрэг биш аж. Нөөц болон ашиглалтын хүндрэлийг адил тэнцүү тооцож, нэгийг нь нөгөөгөөр нөхөх байдлаар Тавантолгойн орд газрыг хоёр хэсэгт хуваах хувилбарыг УИХ-ын гишүүд хэдэн талаас нь хэлэлцэж буй гэх. Зарим нэгэн андуу харж, эндүү ярьдаг их мэдэгчдийн тайлбарлаж буйгаас эрс өөр зарчим үйлчилж байгааг эндээс мэдэж болно. Тавантолгойн орд газрыг ашиглах төсөл дээр зөвлөхөөр ажилласан “Норвест” компани өмнө нь гурван ч том ажлыг Монголын Засгийн газартай хамтран “нугалж” байсан, манай газарз үйн онцлог, уул уурхайн тогтоц зэргийг сайтар судалсан туршлагатай зөвлөгч гэсэн мэдээ байгаа. Тус компанийнхан Тавантолгойг хоёр хуваан ашиглахыг зөвлөсөн бөгөөд энэ нь хамгийн ашигтай хувилбар болохыг Засгийн газар хүлээн зөвшөөрч, санал нэгдсэн гэдэг. “Норвест” компанийн зөвлөснөөр Тавантолгойг Талбай-1, Талбай-2 хэмээн ашиглалтын хувьд хуваахдаа нүүрсний нөөц, хөрс хуулалтын коэффицент, уул геологийн нөхцөл, коксжих болон эрчим хүчний нүүрсний харьцааг харгалзан тооцжээ. Тэр ч байтугай төмөр зам, авто зам болон хөрсний овоолго, бусад дэд бүтцийн байгууламжид шаардагдах талбайг харилцан адил тэнцүү байхаар тооцоолон хуваасан байна.
Гэхдээ Засгийн газрын Тавантолгойг ашиглах төсөлд тусгасан Талбай-1, Талбай-2 хэмээн нэрлэгдэж буй хэсэг хөдөлбөргүй шийдсэн сүүлчийн хувилбар биш аж. УИХ-ын шүүлтүүрээр орж байж сайтар нягталсан эргэлзээгүй шийдвэр гаргах учиртай. Орд газрыг хоёр хуваах саналаа зурагт тойм байдлаар тусгасан нь энэ бөгөөд хачирхалтай нь үүнийг “сөрж” тайлбарлан, монголчуудын эрх ашгийг хохироож байгаа мэтээр ярьж, эх орончийн дүрд чадмаг тоглох сонирхолтой хүмүүс олшрох янзтай. Тавантолгойн орд газрыг Талбай-1, Талбай-2 хэмээн хоёр хувааснаас гадна Зүүн хэсэг, Бортолгойг судалгаанд үлдээсэн нь мөн л Засгийн газрыг хардах шалтгаан болоод байгаа нь нууц биш. Хайгуул хийх нэрээр халаасалж үлдэх нь гэсэн “гаргалгаа” газар авсан. Чухамдаа Бортолгой, Зүүн хэсгийн нөөцийг бүрэн тогтоосны дараа төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанийн мэдэлд үлдээх тухай ЭБЭХ-ний сайд Д.Зоригт тодорхой тайлбар хийсэн. Нөөц баялгаараа дэлхийд эхний аравт багтаж буй тус орд газрын нөөцийг бүрэн тогтоосон түүх үгүй. Ленинградын эрдэмтэн судлаачдаар ахлуулсан Оросын судалгааны баг 1990 онд Тавантолгойд ажиллаад буцахдаа Зүүн хэсэг, Бортолгойг дахин судлах шаард лагатай гэдгийг онцолсон байдаг. Энэ талаар УИХын гишүүн Х.Наранхүү ҮХ-ны сайд байхдаа “Эхлээд бид ямар хэмжээний нөөцтэй, ямар үнэ цэнэтэй хөрөнгөтэй юм бэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Тэгээд дараа нь ашиглах, хуваах тухай ярих нь зөв” хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан нь бий. Нөөц баялгийг нь бүрэн таньж мэдээгүй Зүүн хэсэг, Бортолгойг эцсийн байдлаар судлах нь зайлшгүй зөв шийдвэр гэдгийг Канадын уул уурхайн нэгэн компани саяхан нотоллоо.
Уг компанийнхан Тавантолгойн гол орд газруудыг бус, зах хэсгийг нь, тодруулбал монголчуудын тоолгүй хаяж буй “үлдэгдлийг” ухаж судлан, улмаар олборлоход бэлэн гэдгээ албан бус байдлаар илэрхийлсэн талаар эх сурвалж өгүүлсэн. Өөрөөр хэлбэл, хоёр хэсэгт эн тэнцүү хуваахаар УИХаар хэлэлцэж буй Тавантолгойн орд газрын хаяа хатавчийг гаднынхан хэд ангилаад ч болов өөрийн болгохоор чармайж байна. Ямартай ч хамтарсан Засгийн газар өөрийн хувилбараа дэвшүүллээ. Эл хувилбарыг тойрсон “шүүмж судлал” өрнөсөөр багагүй хугацаа өнгөрлөө. Тавантолгойг 100 хувь иргэддээ хуваан түгээх Н.Энхбаярын сонсоход сайхан ч сайтар ухвал хэт социалист санаачилга, Э.Бат-Үүлийн Ард түмний корпораци байгуулах хартай төлөвлөгөө, “Монгол 999”-ийн үндэсний хөрөн гөтнүүдэд өгөөжийг нь өгөх зорилго бүхий шуналтай тэмүүллийн аль аль нь мартагдах тийшээ хандлаа. Эдүгээ ард түмэн Тавантолгойн асуудлыг шийдэлгүй цаг алдаж буй УИХ, санаачилгынхаа төлөө тууштай мэрийхгүй удааширч, наадам энэ тэр ярьж буй Засгийн газрыг шүүмжлэн буруушаах нь олшров. Тавантолгой аль болох хурдан эргэлтэд орвол хувьцаа авна, ногдол ашгаараа жижиг хэмжээний бизнес эрхэлнэ, 500 мянгаа нийлүүлээд хамтын аж ахуй хөгжүүлнэ гэсэн мөрөөдөл, хүлээлт нийгмийн өнөөдрийн уур амьсгалыг тодорхойлж байна. Тавантолгойг тойрсон маргаан моодноос гарч, өгөөж үр дүнг нь шаардсан нэхэл хатуутай хүлээлтээр айл өрхүүд, аав ээж нар аль хэдийнэ амьдарч эхэллээ. Тун удахгүй Тавантолгойн нүүрсийг олборлож эхэлнэ, тэнд миний хувь байгаа гэсэн итгэл найдвар олон олон өрх бүлийг тэжээж байна.