Нефть тээвэрлэж буй хөлөг онгоц Арабын нэгдсэн Эмират улсын Фужейра боомтод ирж буй нь
Нефть экспортлогч орнуудын байгууллагаОПЕК-ийг зах зээлийг тогтвортой, урьдчилан тааварлахуйц болгох, үндэстэн дамнасан “Exxon”, “Royal dutch shell”, “Техасо”, “Chevron”, “Mobil”, “Gult oil”, “British petroleym” зэрэг компани гадаад, дотоод зах зээл дээрх үнийг хэлбэлзүүлэхгүй байлгах зорилгоор 1960 оны есдүгээр сард Ирак, Иран, Саудын Араб, Кувейт, Венесуэл улсын санаачилгаар Багдад хотод үүсгэн байгуулсан түүхтэй. Сүүлд нь эдгээр дээр нэмэгдэн Катар (1961), Индонез (1962), Ливи (1962), Алжир (1969), Нигери (1971), Эквадор (1973), Габон (1961), Ангол (2007), Экваторын Гвиней (2017), Бүгд Найрамдах Конго (2018) улс гишүүн болсон байна. Тэгснээ Эквадор нь 1992 оны арванхоёрдугаар сард гишүүнчлэлээ зогсоосноо 2007 оны нэгдүгээр сард ОПЕК-т эргэн орж, 2020 оны нэгдүгээр сараас дахин гарчээ. Индонез мөн 2009 оны нэгдүгээр сараас гарснаа долоон жил болоод гишүүнчлэлээ сэргээчихээд дахин гарсан байна. 1975 онд элссэн Габон гарч буйгаа 1995 онд зарлав. Гэвч 2016 оны эцсээр буцаж иржээ. Одоо тус байгууллага 2026 оны дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар 11 гишүүн улстай байна. Энэ нь Алжир, Венесуэл, Габон, Ирак, Иран, Конго, Кувейт, Ливи, Нигер, Саудын Араб, Экваторын Гвиней улс юм. ОПЕКийн гишүүн улсууд одоо дэлхийн нефтийн нөөцийн гуравны хоёр хувийг хянаж байна. Дэлхий дахинд олборлож буй нефтийн 35 хувь нь эдгээр улсад ногдож буй аж.
ОПЕК-ийн гишүүн орнуудын нефтийн нөөцийг 1199.71 тэрбум баррель гэж үзэж байгаа. Энд тодруулахад, АНУ-д нэг баррелийг 158.76 литртэй тэнцэнэ гэж үздэг бол Англид 163.65 литр нефтийг нэг баррель гэж хэмждэг юм байна.
ОПЕК нь гишүүн орнуудынхаа үйл ажиллагааг уялдуулж, нефть олборлох талаарх бодлогыг нь боловсруулж, үнийн тогтвортой байдлыг хангаж, хэрэглэгчдэд тогтмол нийлүүлж, орлогоосоо тухайн салбарт хөрөнгө оруулах ажил эрхэлдэг. Гишүүн орнуудын эрчим хүч, нефтийн салбар эрхэлсэн сайд нар жилд хоёр удаа уулзаж, олон улсын нефтийн зах зээлд үнэлгээ өгч, хөгжлийн хэтийн төлөвийг нь урьдчилан таамагладаг байна. Уулзалтаас зах зээлийг тогтвортой байлгахад шаардагдах шийдвэрүүд гаргана.
Харин эрэлт, хэрэгцээнээс үүдэж нефть олборлох хэмжээнд өөрчлөлт оруулах шийдвэрийг ОПЕК-ийн Бага хурал гаргадаг байна. Тус байгууллагын дээд эрхийг дүрмийн дагуу жилд хоёр удаа болдог Бага хурал барина. Шинээр гишүүн элсүүлэх, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, төсөв, санхүүгийн тайлан батлах, Зөвлөлийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, эдгээрийн орлогчдыг сонгох шийдвэрийг Бага хурал гаргана. Удирдлагын зөвлөл нь Бага хурлаар хэлэлцэх асуудлыг бэлтгэж, байнгын үйл ажиллагаатай Нарийн бичгийн дарга нарын газрын ажлыг удирдана. Тус зөвлөл нь засаг захиргааны, эдийн засгийн, хуулийн, мэдээллийн болон техникийн хэлтэстэй. Дүрэмд зааснаар “түүхий нефтийн үлэмж хэмжээний экспорт хийдэг ямар ч улс ашиг сонирхол нь гишүүн орнуудынхтай нийцдэг л бол тус байгууллагын бүрэн эрхэт гишүүн болж” болно.
Тэгэхдээ бүрэн эрхт гишүүдийн дөрөвний гурав нь үүнийг дэмжсэн байх шаардлагатай. Албан ёсны бус ОПЕК+ хэлбэр 2016 оны арваннэгдүгээр сард бий болсон нь нефть олборлодог олон орон дэлхийн зах зээл дээрх үнэ санаанд нь нийцэхгүй байгаатай холбоотой юм. Тодруулбал, гишүүнээр элсэх, гарах нь чөлөөтэй эгсэн үг. “Wall Street Journal” сэтгүүлд бичсэнээр 2024 оны есдүгээр сарын 5-нд ОПЕК нефть олборлолтоо өдөрт 100 мянган баррелиэр хорогдуулсан нь Орост тусалж, Европт саад хийсэн үйлдэл болсон байна. Энэ алхам нь олборлолтоо нэмэгдүүлсэн 18 сарын ажлыг нь эцэс болгов. Тэр жилийн эхээр Азербайжан, Бахрейн, Бруней, Бразил, Казахстан, Малайз, Мексик, Оман, Орос, Судан, Өмнөд Судан улс ОПЕК-т элсжээ. 18 сарын ажилд нь цэг тавьснаар ОПЕК-ийн гишүүн олон орон хүссэн ч олборлох хэмжээгээ нэмэгдүүлж чадахаа байв. Тухайлбал, Нигери улс өдөрт квотоосоо 643 мянган баррель, Ангол 360 мянган баррель бага нефть олборлох болжээ.
Экваторын Гвиней, БНКонго, Алжир ч амлалтаа биелүүлэхээ болив. 2022 оны аравдугаар сарын 5-нд болсон ОПЕК-ийн хуралдаанаас олборлох нефтийн хэмжээг хоногт хоёр сая баррелиэр хорогдуулах шийдвэр бас гаргажээ. Энэ хэмжээг 1.65 сая баррелиэр хорогдуулахаар ОПЕК-ийн үндсэн гишүүд болон шинээр түүнд элсэгчид хэлэлцэн тохиролцсон аж. 1960 онд ОПЕК-ийг үүсгэн байгуулахад Венесуэлийн сайд Хуан Пабло Перес Альфонсо, Саудын Арабын “улаан шейх” Абдулла Тарики нар их үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Тэр үед колоничлол задарч, тусгаар тогтносон шинэ улсууд бий болох үйл явц өрнөж байж. Эдгээр шинэ улс өөрийн нефтийн нөөц, ашиглалтыг үндэсний эрх ашгийн үүднээс хянах хүсэл эрмэлзэлтэй байсан нь ОПЕК-ийг үүсгэн бий болгоход түлхэц болсон аж.
Түүнээс гадна нефтийн үнэ буурахыг зогсоох нь түүний бас нэг зорилго болов. 1960-аад онд ОПЕК-ийн гишүүдийн тоо ч нэмэгдэв. Уг байгууллагыг 1962 оны сүүлчээр НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар Засгийн газар хоорондын бүрэн эрхт байгууллагаар бүртгэж авчээ. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн Бага хурлын оролцогч ч болов. 1970- аад онд ОПЕК-ийн бодлогоос түүхий нефтийн үнэ ихээхэн хамаардаг, зах зээл дээрээ нөлөө бүхий байгууллага болж хувирчээ. 1973 онд Арабын орнууд нефть олборлолтод хориг тавьсан, 1979 онд Иранд хувьсгал эхэлсэн энэ хоёр үйл явдал үүнд ихээхэн нөлөө үзүүлсэн байна. 1975 онд Алжирт болсон төр, Засгийн газрын тэргүүн нарын дээд хэмжээний анхны уулзалтаас хойш ОПЕК өөрийн бүрэн эрхийг өргөжүүлэв. 1970-аад онд гишүүдийнх нь ч тоо нэмэгдэж, 13 болсон байна. 1980-аад оны эхээр нефтийн үнэ дээд түвшинд хүрсэн ч эрчим хүчний эх үүсвэрийг солих зорилгоор нүүрсустөрөгчийн эргэлтийг нэмэгдүүлж, хэрэглээг нь багасгаснаас 1986 онд нэг баррель нефтийн үнэ 10 орчим ам.доллар болж унажээ. Дэлхийн нефтийн үйлдвэрлэлд ОПЕК-ийн гишүүн орнуудын дарах жин эрс доошилж, эдийн засгийн бэрхшээл учирлаа. Тодорхой арга хэмжээнүүд авсны дүнд үнэ тогтворжин, 1980-аад оны эхэн үеийн түвшинд очиж, ОПЕК-ийн гишүүн орнуудын эзлэх хувь хэмжээ сэргэж ирэв.
1990-ээд онд Ойрх Дорнодод өрнөсөн цэрэг, дайны үйл явцын “буян”-аар ОПЕК нефть нийлүүлэхэд учрах хямралаас зайлсхийж чадсан байна. Гэхдээ Зүүн Өмнөд Азид эдийн засгийн хямрал тохиож, бөмбөрцгийн умард хагаст 1998-1999 онд дулаан өвөл болсноос нефтийн үнэ хямдрав. Чухам энэ үед ЗСБНХУ задарч, социалист систем сүйрснийг бид мэднэ. Мөн глобалчлах үйл явц нэмэгдэж, холбооны хэрэгсэл хийгээд өндөр технологийн бусад чиглэлд хувьсгалт өөрчлөлт ч гарав. Нефть үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёрын хооронд, ОПЕК-ийн гишүүн хийгээд гишүүн бус орнуудын харилцаанд ч дорвитой өөрчлөлт гарлаа. 1992 онд НҮБ-ын ивээл дор Дэлхий дахины дээд хэмжээний уулзалт болсны дараа цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх хэлэлцээрүүд ч өрнөв. Энэ 10 жил ОПЕКийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, Габон гарч, Эквадор 2007 оны сүүлч хүртэл гишүүнчлэлээ түр зогсоож, 1998 онд Орос ажиглагч боллоо.
2000, 2007 онд Каракас, Эр-Рияд хотод ОПЕК-ийн гишүүн орнуудын дээд түвшний II, III уулзалт болсны улмаас тууштай хөгжилтэй эрчим хүчний тогтвортой зах зээл бий болж, хүрээлэн буй орчноо хамгаалах ажил өндөр түвшинд тавигдаж, их дулаарлын асуудлыг ярьж хэлэлцэж эхлэв. Энэ үед Индонез 2009 оноос гишүүнчлэлээ түр зогсоож, нефть импортлогч орон болж, хэрэв экспортлогч болох юм бол “төрхөмдөө” буцаж ирнэ хэмээн мэдэгдлээ. 2015 онд Индонез эргэж оржээ. Тэгснээ нэг жил болоод дахиад гарлаа. 2016 онд Габон буцаж ирэв. 2018 онд Катар, 2020 онд Эквадор, 2023 онд Ангол улс ОПЕК-оос гарч, 2024 онд Бразил орж ирсэн байна.
Сая, ердөө энэ сарын 1-нээс ОПЕК-оос гарч буйгаа Арабын нэгдсэн Эмират мэдэгдлээ. Нэг гол шалтгаан нь квот тогтоосон явдал аж. 2021 онд тус улсын төлөөлөгч квот тогтоосныг үйлдвэрлэлийн хүчин чадалд нь нийцэхгүй байна гэж нэгэн хуралдаан дээр мэдэгдсэн байдаг. Ормузын хоолойгоор нефть тээвэрлэсэн хөлөг онгоцнууд явахад саад учруулснаас Эмиратын нефтийн агуулахууд амсраасаа хальтал дүүрчихээд байгаа юм.