Хөрөнгө оруулагчид гэж хэн бэ? Тэд даян дэлхийгээр хэсэж, хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцон, хоёр гурван өдөр тасралтгүй хуралдаж, уулзалдана. “Блүүмбэрг”-ийн мэдээг “Блэкбэрри”-гээрээ хүлээж аваад, хоолны ширээний ард ч тооцоо бодон сууна. Эдгээр хөрөнгө оруулагч боломжийн зах зээлийг үргэлж л хайж байдаг аж. Эдүгээ Европын орнууд өрийн хямралд орж, АНУ, Японы эдийн засаг ч олигтой өсөлт харуулахаа байсан учир хөрөнгө оруулагчид хөгжиж буй орнуудыг ихээхэн сонирхох болжээ. Энэ бол мөнгөө үржүүлэх боломжийн зах зээл юм. Нөгөө талд монголчууд шиг мөнгө хайсан хүмүүс бий.
Асар ирээдүйтэй төслүүд байна, харин хөрөнгө алга. Энэ хоёр сонирхлыг нэгтгэж байж ажил урагшилж, мөнгө орж ирэх билээ. “Ренессанс Капитал”- ын XIV хөрөнгө оруулалтын чуулга уулзалт “ОХУ болон Хараат бус орнуудын хамтын ажиллагааны байгууллагын орнууд глобалчлагдах нь” сэдвийн хүрээнд өнгөрсөн долоо хоногийн эхээр Москвад болсон юм.
Дээрх чуулга уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоноос эхлээд ОХУ, Украин, Казахстан, Нигери болон бусад орны төр, засгийн төлөөлөгч, хувийн хэвшлийнхэн оролцлоо.
Мөн уг уулзалтын үеэр “Монгол-Хөх тэнгэрийн боломж” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдсан нь олон хүний сонирхлыг татсан юм. Төв Азид орших Монгол нутаг ашигт малтмалын арвин нөөцөөрөө дэлхийн өнцөг булан бүрээс хөрөнгө оруулагчдыг даллаж буй өнөө үед дээрх хэлэлцүүлэг үнэхээр цагаа олсон гэвэл буруудахгүй болов уу. Манай оронд үйл ажиллагаа явуулдаг бизнесмэнүүд Монголын бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын боломжуудын
талаар ярилцсан.
Мэдээж олон сонирхолтой түүх сөхөгдөж байлаа. Тухайлбал, “Хүннү коал” компанийн захирал Т.Жорж Австралийн хөрөнгийн биржид IPO хийсэн тухайгаа ярьсан юм. Анх 20 центээр үнэлэгдэж байсан тус компанийн хувьцааны ханш таван сарын дотор долоо дахин нэмэгдсэн гээд бод доо.
Ингээд IPО-гоос 20 сая австрали доллар босгосон “Хүннү коал” компанийн зах зээлийн нийт үнэлгээ эдүгээ 140 сая австрали долларт хүрч, хувьцааны ханшийн өсөлтөөрөө Австралийн хөрөнгийн биржийнхнийг алмайруулж буй. Монголоос өөр оронд үйл ажиллагаа явуулж буй компаниудын хувьд ийм гайхамшиг боломжтой гэж үү? Хэлэлцүүлэгт оролцогчид бүгд өөрсдийн туршлагаас солилцож, өөр өөрсдийн нүдээр Монголыг харж байв.
Гэвч нэг зүйл дээр тэд бүгд санал нийлж байлаа. Юу гэвэл Монгол Улсад хөгжлийн асар их ирээдүй бий, “Хөх тэнгэрийн боломж” гэдэг байгаа оносон нэр юм.
Мөн хэтдээ монголчууд уул уурхайн бүтээгдэхүүнээр Ази тивийг хангаж чадна гэдгийг Монголд үйл ажиллагаа явуулж буй бизнесмэнүүд хэлж байна. “Орос, Монгол хоёр өрсөлдөх боломжтой, ялангуяа коксжих нүүрсний зах зээлийн хувьд” хэмээн “Айвенхоу майнз”- ын гүйцэтгэх захирал Роберт Фрийдланд тайлбарлав.
“Монгол-Хөх тэнгэрийн боломж” хэлэлцүүлэг үнэхээр сонирхолтой болсон учир илүү дутуу үггүйгээр хүмүүсийн яриаг хөрвүүлэн, мэдээлэл өгөхийг зорилоо.
Монголчуудаас их зүйл шалтгаална
Роланд Нэш: (“Ренессанс капитал”-ын Судалгаа, шинжилгээний удирдлагын захирал, ерөнхий стратегич)
-Монгол орон зэс, алт, нүүрс, уран зэрэг ашигт малтмалын нөөцөөрөө Австралийг Казахстантай нийлүүлсэн юм шиг баян хэрнээ эдийн засгийн хэмжээгээрээ Молдав улсаас 25 хувиар бага. Гэвч одоо Монгол Улс хөрөнгө оруулагчдын ертөнцийн хувьд өөрийгөө нээж байна. Монголын эдийн засаг ойрын арван жилд дэлхийн хамгийн өндөр өсөлтийг үзүүлэх боломжтой агаад Азийн дараагийн бар, “Монголын чоно” болох юм. Гэхдээ монголчуудаас их зүйл шалтгаална. Их хэмжээний хөрөнгө оруулалт Монголд орж ирэх нь нэгэнт тодорхой боллоо. Харин яаж түүнийгээ зарцуулж чадах вэ гэдгээс л бүх зүйл хамаарах юм.
Ухаантай хөрөнгө оруулагчийн хувьд Монгол Улс чухал зах зээл мөн
Роберт Фрийдланд (“Айвенхоу Майнз”-ын гүйцэтгэх захирал)
-Монголыг Канадтай зүйрлэж болно. Хүн ам цөөхөн боловч ашигт малтмалын нөөц ихтэй. Тус улс ДНБ-ий өсөлтөөрөө удахгүй дэлхийд тэргүүлэх боломжтой. Мөн Монголын боловсролын түвшин нэлээд өндөр. Энд зөвхөн ашигт малтмалын талаар яриад зогсохгүй ус, салхины нөөцийн тухай дурдаж болно. Хятадад усны асуудал байхад Монгол Улс ус ихтэй. Түүнчлэн асар их салхины нөөцтэй орон юм. Үүнийгээ ашиглаж эрчим хүч гаргаж авбал урд хөршдөө ч экспортлох боломж бий. Нүүрсний хувьд мэдээж хамгийн баян.
Тэгээд алт, зэс, нефть зэрэг ашигт малтмалын асар их нөөцтэй. Товчхондоо, ухаантай хөрөнгө оруулагчийн хувьд Монгол Улс чухал зах зээл мөн. Ер нь Монголд ажиллахад таатай, сонирхолтой орон.
Хамгийн хүнд асуудал бол дэд бүтэц
Жеймс Скайфер (“МонЭнКо”-гийн гүйцэтгэх захирал)
-Би Монголд ажиллаад гурван жил болж байна. Энэ улсад үнэхээр их ирээдүй бий. Бусад оронтой харьцуулахад хуулиа чанга баримталдаг. Тиймээс бизнес эрхлэх орчин нь таатай. Одоо бид нэг төсөл хэрэгжүүлж байгаа. Цаашид олон төсөл эхэлмээр байна.
Гэхдээ дэд бүтцийг хөгжүүлэх тал дээр Монголын Засгийн газар анхаарах ёстой. Автозам, төмөр замаас эхлээд маш муу. Манай компани л гэхэд ажилчдаа уурхай руу авчрах гэж том асуудал болдог. Монголд үйл ажиллагаа эрхлэхэд хамгийн хүнд асуудал нь дэд бүтэц юм.
Монгол бол цагаан цаас юм
Б.Болд (“Ньюком” группийн захирал)
-Монгол Улс байгалийн баялаг ихтэй, гэвч энэ нь зөвхөн ашигт малтмал биш юм. Тухайлбал, салхины нөөц манай оронд үлэмж их байгаа.
Хөрөнгө оруулагчдад зөвлөхөд Монгол бол цагаан цаас юм. Орос, Казахстан шиг биш.
Монголд байхгүй салбар олон байгаа учир хөрөнгө оруулалтын асар их боломж бий. Гэхдээ энэ бүхнийг эхлэхэд цаг хугацаа их шаардагдаж болно.
Банкны салбарт хөрөнгө оруулах нь ирээдүйтэй
Филипп тер Вүүрт (Монгол дахь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны тэргүүн)
-Монголын газар зүйн байрлал ихээхэн ач холбогдолтой. Сүүлийн үед Хятадын хөрөнгө оруулалтын корпораци Монголд маш их хэмжээний санхүүжилт хийх болсон. Харин Оросын зүгээс тийм хандлага одоогоор ажиглагдахгүй байгаа.
Үүний зэрэгцээ Япон, Германы хөрөнгө оруулагчид ч Монголыг сонирхож байна. Бид 2007 оноос Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдүгээ 230 гаруй сая долларын хөрөнгө орууллаа. Мэдээж энэ орны ашигт малтмалын салбар их ирээдүйтэй.
Ялангуяа Оюутолгойн төсөл. Гэхдээ зөвхөн эрдэс баялгаар зогсохгүй Монголын аялал жуулчлал, боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбарт ч хөрөнгө
оруулах нь ашигтай.
Мөн тус улсын банкны салбар маш жижиг. Гэвч одоо нүүрсний салбар нь асар хурдтай тэлж байгаа учир Монголын банкууд өсөж томрох нь гарцаагүй.
Тиймээс банкны салбарт хөрөнгө оруулах нь мөн л ирээдүйтэй гэсэн үг. ЕСБХБ-ны хувьд Монголын олон салбарт ажилладаг,
цаашид ч хөрөнгө оруулалтын хэмжээгээ нэмнэ гэж бодож байгаа.
Улаанбаатарт “МакДональдс” алга. Гэтэл “Луй Вьютон” ороод ирчихсэн.
Ч.Ганхуяг (“Тэнгэр” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал, Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх)
-Монголын банкууд үнэндээ жижиг л дээ. Гэхдээ энд найдвартай ажиллах систем бий. Манай банкууд олон улсын стандартыг мөрддөг. Одоо Монголын банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийж байна, илүү сайн болно гэсэн үг. Монголд хүчтэй банкууд олон бий. Мөн олон улсын томоохон банкууд Монголд орж ирэх хэрэгтэй болов уу. Зөвхөн банк гэлтгүй, олон улсын томоохон компаниуд Монголд орж ирэх цаг болсон. Одоог хүртэл Улаанбаатарт “МакДональдс” алга, тэгсэн хэрнээ “Луй Вьютон” ороод ирчихсэн
байдаг. Хэтэрхий том үсрэлт биш гэж үү?
Монгол Улс Азийн томоохон нийлүүлэгч болж чадна
Роб Эдуардс (“Ренессанс капитал”-ын Металл болон уул уурхайн судалгаа, Шинжилгээний удирдлагын тэргүүн)
-Одоо бол Азийн томоохон нийлүүлэгч ОХУ. Гэхдээ монголчууд хэтдээ оросуудтай өрсөлдөж чадна. Учир нь, Азийн хамгийн том зах зээл БНХАУ шүү дээ. Тэгвэл Монгол Улс Хятадтай илүү ойр. Тиймээс энэ зах зээлийг хангах тал дээр Оростой өрсөлдөх нөхцөл, боломж Монгол оронд бий. Ер нь Монголын хувьд газар зүйн байрлал нь маш том давуу тал юм. Үүний зэрэгцээ Монголын бизнесийн орчин Оросынхыг бодвол илүү ил тод байдаг. Энэ нь өртөг багатай бизнес эрхлэх боломжийг бүрдүүлдэг учир мөн л Монголын нэг сайн тал.
Д.МӨНХЧИМЭГ