Нэг үеэ бодвол МАХН залуусаа дэмждэг болсон ч ахмад нам дахь үе хоорондын зөрчлийн нууц байсаар, бүр савнаасаа хальжээ. Ахмад улстөрчид эл явдлыг нас насны зөрчил мэтээр эмзгээр хүлээж авч байгаа бол залуус арай өөр тайлбар хэлж байна. Бид ахмадаа хүндэлдэг, сонсдог, туршлагатай хүнээс үг сонсох ёстой, тэднээрээ үлгэрлэдэг. Түүнээс бус бидний дунд үе хоорондын зөрчил огтхон ч байдаггүй хэмээн МАХН-аас УИХ-д сонгогдсон далаад оныхон нэгэн дуугаар тунхаглав. Харин үзэл санааны тод ялгаа бий гэнэ. Энэ нь явсаар үе хоорондын зөрчил мэтээр харагдах болсныг нуусангүй. Улстөрч хүний идэвхтэй амьдралын үе 20 жилээс нэг их илүүгүй байдгийг нэгэн залуу улстөрч зориудаар сануулав.
Шинэ үеийн түрлэг Монголын улс төрд үгүйлэгддэг. 2008 оны сонгуулийн үр дүнгээр далаад оныхон буюу шинэ эрч хүч, шинэ цагийн стандарт хангасан улстөрч залуус Парламентад орж ирсэн нь үзэгдэл гэж ойлгогдохоосоо илүү шинээр хөгжиж буй Монголын нийгмийн захиалга болсон юм. Энэ УИХ-д далаад оныхон буюу эрч хүчээр жигүүрлэсэн шинэ цагийн бодлоготнууд хэд хэдээрээ сонгогджээ. Хуруу дарж тоолбол есүүлээ. Энэ нь ердөө 76 гишүүний арав гаруйхан хувь аж. Монголын нийгэм залуужиж, эрч хүчээр сэлбэгдэхийн хэрээр үзэл санааны хувьсал манай хөрсөнд идэвхтэй идээшиж, ертөнцийн өнцөг булангаас монгол залуус эрдэм өвөрлөн ирж буй.
Энэ хүчээр өнөөдрийн нийгэм дутдаг билээ. Харин үүний нөгөө талд сөрөг дүр байсаар, зайгаа тавьж өгөхөөс жийрхэж байгаа нь үнэн юм. Энэ сэдвийн гол баатраар хуулийн салбарын сай даар тавантаа сонгогдсон туршлагатай улстөрч Ц.Ням дорж, залуу хэдий ч төр, сонгуулийн төв байгууллагад “насаараа”ажилласан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нар тодроод буйг бид мэдэх билээ. Өөр зуураа “арсалдах” болсон шалтгаанаа Нямдорж тайлбарлахдаа үе хоорондын зөрчил гэсэн утгаар ярьсан байдаг. Харин Сүхбаатар намын ахтайгаа шөргөөлцөх болсноо үе хоорондын ямар ч шалтаг үгүй.
Харин үзэл санааны зөрчил бидний харьцаа, асуудалд хандах байр суурь, мэдээлэл хүлээж авах, боловсруулах зэрэг үйл явцын дунд илт мэдрэгддэг гэсэн бодолтой явдаг нь анзаарагдсан. Намынхаа дүүгийн нүүр рүү архины шилээр зэвсэглэж дайрсан Нямдорж үзэл санааны ялгааг хэтэрхий гүн хямралтайгаар тусгаж авсан санагддаг юм. Энэ ялгааг тэрбээр үе хоорондын зөрчил гэж үздэгээ бүлгийнхээ дэд даргад хэлсэн байдаг юм билээ. “Нямдорж ярихдаа, залуу гишүүд биднийг шахах өнгөтэй болоод байна, залуу гишүүд ингэж дуугараад байна гэж анхнаасаа бухимдалтай яваад л байсан. Ний нуугүй хэлэхэд үүнийгээ л ил гаргасан болов уу гэж бодоход хүрч байна. Түүний гаргасан үйлдэл нь буруу л даа” гэж өдөр тутмын нэгэн сонинд ярилцлага өгөхдөө Д.Дондог хэлжээ.
Сайдыг бухимдлаа ил гаргаж, түүнээ бүдүүлэг аргаар илэрхийлэхдээ хүргэсэн зүйл нь Сүхбаатарын шүүмжлэл байж. Тэр хэлэхдээ, “Таван удаа салбарын сайдаар ажилласан энэ эрхмийн үед хуулийн салбар шинэчлэгдсэнгүй. Улстөрчийн манлайллаа хадгалж, улс төрийн шинэчлэл хийж чаддаггүй хүмүүс зайгаа тавьж өгөх хэрэгтэй” гэж ярьсан нь Нямдоржийн эгдүүг хүргэж орхисон юм билээ. Үзэл санааны ялгааг ингэж үе хоорондын зөрчил болгож харагдуулах нь зарим ахмад улстөрчийн хувьд нэр, нүүрээ тахлах хэрэгсэл болдог гэлтэй. Уг нь хат сууж төлөвшсөн гэж үзсэн залуустаа МАХН итгэл үзүүлж чаддаг юм шиг. Тус намын генсекээр 40 настай Хүрэлсүхийг тавихдаа “Одоо та нарын үе, энэ насны нэр төрийг өргөж яваарай” гэж С.Баяр хэлсэн байдаг юм гэсэн.
Харин УИХ дахь ахмадууд маань албан тушаалтай хэтэрхий зууралдаад байгааг нийгэм нэгэнт таашаахаа больжээ. Олон орны улстөрчийн албан тушаалын оноолтыг харж байхад нас тогтсон туршлагатай, ноён нуруутай хүмүүсээ хууль тогтоох байгууллагадаа түлхүү суулгаж, шинэ цагийн бодлоготнуудаа гүйцэтгэх засаглалдаа олноор ажиллуулдаг нь харагддаг. Үүнийгээ үе хоорондын зөрчил гэдэггүй, үзэл санааны тэнцвэртэй харьцаа гэдэг аж. Монголын нийгэм залуужиж, шинэ хөгжлийн тухай ярих болсон өнөө цагт шинэ бодлоготон, эрч хүчээр жигүүрлэсэн залуусыг гүйцэтгэх засаглалд хүчийг нь сорих хэрэгтэй гэсэн санааг энд хөндөхийг илүүд үзэв. Тэд өөрсдийгөө хөгжүүлж, ертөнцийнг шинээр харж, мэдээллийн зуунтай ханьсаж явна. Өөрийн эдийн засгийн чадавхийг ч бий болгож чадсан нь олон. Төрөөс төрсөн тэрбумтан гэж залуу улстөрчдийг гоочлохыг бид сонсоогүй. Гэтэл МАХН-ын зарим ах нар дүү нараасаа жийрхээд байгааг ойлгохгүй юм.