Иргэдийн банкин дахь хадгаламж, харилцах дансны арыг төр даадаг болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Санхүү, эдийн засгийн хямралаас банкны салбараа хамгаалахын тулд ийм баталгаа гаргах шаардлага төрд байсан. Банкны сонгодог даатгалын тогтолцоо манайд байгаагүй учир уг аргыг хэрэглэжээ.
Тэгвэл одоо уг хуульд дахин өөрчлөлт оруулж баталгаа өгөхдөө зарим нэг хязгаарлалт оруулахаар зэхэж байна. Хэрэв таны хадгаламжийн хүү Төв банкны бодлогын хүүгээс давсан бол, бас та тухайн банкинд зээлтэй бол төр эрсдэлийг хариуцахгүй.
Өөрөөр хэлбэл, ийм хоёр тохиолдолд төр баталгаа олгохгүй нь. Мөн аажмаар банкны сонгодог даатгалын тогтолцоонд шилжүүлэхийн тулд хадгаламжийн сангийн эх үүсвэрийг бүрдүүлэхээр тусгажээ. 2013 оноос банкин дахь хадгаламжид баталгаа гаргахаа болино.
Тэр үед даатгалын тогтолцоонд шилжих бэлтгэлийг хангасан, хадгаламжийн сандаа эх үүсвэртэй болох учир банкууд аюулгүй байх учиртай юм. Уг асуудлыг өчигдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэв. Одоогоор Монголбанкны бодлогын хүү 11, инфляц 13.4, банкны хадгаламжийн жилийн дундаж хүү 11-12 хувь байгаа аж. Мөн харилцах дансанд 3.1 их наяд төгрөг байгаа, хэрэв дээрх төслийг баталбал төр 2.5 их наяд төгрөгт нь л баталгаа гаргах юм. Бусад нь дээрх хязгаарлалтын дагуу “хасагдана” гэсэн үг.
Банкин дахь хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг хэлэлцэх үеэр Монголбанкийг улсын эдийн засгийн эсрэг бодлого явуулж байна хэмээн цөөнгүй гишүүн шүүмжиллээ. Тус банкны ерөнхийлөгч “Бид хуулийн хүрээнд ажиллаж байгаа, эдийн засгаа алах биш аврах бодлого явуулдаг” гэсэн тайлбар өгсөн. Монгол Улсын нийт мөнгөний 97-98 хувийг хэдхэн хүн эзэмшиж, төрөөр түүндээ баталгаа гаргуулчихаад бизнес хийсэн ч юмгүй хүүгээр нь амьдарч байгааг З.Алтай шүүмжлэв.
Түүнд Төв банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж “Банк хоорондын зах зээлээс төвлөрүүлсэн 152 тэрбум төгрөгийн хадгаламж байна. Нэг банк нөгөөдөө мөнгө хадгалаад түүнийг нь цааш муу зээл болгож гаргадгийг уг хуулиар хязгаарлаж байгаа юм” гэсэн хариу өглөө. Эдийн засгийн хувьд уялдаатай учир бодлогын болон хадгаламжийн хүүг холбож өгсөн гэнэ.
ОУВС-гийн эдийн засгийг маань “алах” бодлогыг дэмжиж, “гар, хөл” нь боллоо хэмээн Л.Пүрэвдорж, Сангийн сайд С.Баярцогт нарыг Н.Батбаяр буруутгав. Эдийн засгаа аврахын тулд бодлогын хүүг тэглэх олон улсын туршлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээн тэр зөвлөсөн. Харин Л.Пүрэвдорж “Бодлогын хүү хэн нэгэн хүнээс шалтгаалдаггүй. Инфляц 13 хувь байгаа учир бодлогын хүү 11 байна.
Үүнээс үүдээд оны эцэст хадгаламж эзэмшигчийн хүү нэг хувиар үнэгүйдэх нөхцөл үүсээд байна. Инфляц өсөж байгаа үед эдийн засгийг тэлбэл зөрүүг иргэдээр төлүүлэх болно. Тиймээс тантай санал нийлэхгүй” гэв. Монголбанкийг Засгийн газрын харьяанд авах Н.Батбаярын саналыг ч тэр эсэргүүцэж, “Ингэснээр эдийн засаг дээрдэхгүй” гэсэн юм. Хямралтай холбоотойгоор гаргасан Банкин дахь хадгаламжид баталгаа гаргах тухай хууль үүргээ гүйцэтгэсэн учир хүчингүй болгоё гэх санал ч гишүүдээс гарав.
Төслийг хэлэлцэхийг олонх дэмжлээ. Тус Байнгын хороогоор Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа УИХаас чиглэл өгсөн 57 дугаар тогтоолыг хэрхэн хэрэгжүүлсэнтэй танилцав. Уг тогтоолд “Анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа Монголын тал Оюутолгойн ордоос 50 хувийг эзэмшинэ” гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл, 4.7 жилийн дараа 34 хувиа 50 болгох учиртай.
Гэтэл гэрээнд 30 жилийн дараа сая нэг 50 хувиа авахаар тусгачихсан. Тогтоолыг биелүүлээгүй байна гэж шүүмжилсэн хүмүүст Сангийн сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нар “Тогтоолын заалтыг биелүүлсэн, хуулийн хүрээнд” гэдэг тайлбар өгдөг.
Өчигдөр ч гишүүд тэр заалтыг лавлаж, сайд нар хариултаа давтав. Сангийн сайд С.Баярцогт “Гэхдээ монголчууд санал, байр суурь нэгтэй байж, 16 хувиа нэмж эзэмших хугацааг наашлуулах, өсөн нэмэгдэх рояалти авах гэх мэтээр хөрөнгө оруулагч талд байнга шахалт үзүүлэх хэрэгтэй” хэмээн гишүүдийг тайвшруулав. Гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулж, энэ оны гуравдугаар сарын 31- нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.
Энэ хугацаанд Оюутолгойн орд дээр ажиллаж буй монголчуудын тоо 300-гаас 2250 болж нэмэгджээ. Гэрээндээ монгол, гадаад ажилчны харьцаа 60:40 байхаар заасан бол одоо 70:30 болж давж биелсэн гэнэ. Мөн жилд 12 тэрбум төгрөгийн зардлаар гурван жилийн хугацаанд 3000 ажилчныг бэлтгэх юм байна.
Уг төслийн хүрээнд Улаанбаатарт бий болгох 3000 ажлын байрны асуудал тодорхой шалтгаанаар түр зогсчээ.
2013 оноос эхний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, 2014 он гэхэд зам, дэд бүтэц зэрэг салбарт 5700 ажлын байр шинээр бий болох аж. Уг ажлыг зөвхөн дотоодын компаниуд гүйцэтгэх юм байна.
Энэ талаар болон Тавантолгойн асуудлаар Эрдэс, баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтоос тодруулав.
-Оюутолгойн ордод энэ онд 728 сая долларын хөрөнгө оруулна. Үүнийг ТУЗ- өөр батална. 2010-2012 онд 400 гаруй сая долларын төслийг дотоодын компаниудаар гүйцэтгүүлнэ. Зам, дэд бүтцийн салбарт тэд ажиллах юм.
-Анхны хөрөнгө оруу лалтыг хэдэн жилийн хугацаанд нөхөх боломжтой юм бэ?
-Гэрээнд 30 жилд нөхнө гэсэн заалт байхгүй. Ер нь энэ төслийг зогсоох, харлуулах гэсэн оролдлого их байлаа. Зориудаар хийж буй ажил бий. Яах гээд ийм зүйл явуулаад байгаа нь тодорхойгүй. 7-8 жилд хөрөнгө оруулалтыг нөхөж болно. 30 жилийн дараа Монголын тал 16 хувиа нэмж эзэмших боломжтой.
-Тавантолгойн орд “Эр дэ нэсТавантолгой” хэмээх шинээр байгуулсан компанийн мэдэлд байх тухай мэдээлэл байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Тавантолгойн орд дээр “Эрдэнэс MGL”- ийн “охин” компани “Эрдэнэс Тавантолгой” компани байгуулж байгаа. Уг компани ордын хувьцааг 100 хувь эзэмшинэ.
Үүнийхээ 50 хувийг 30, 10, 10 хувиар иргэд, компаниудад эзэмшүүлэх юм. Энэ нь ард түмний компани байх болно. 10 хувийг нь ард түмэндээ, 10 хувийг үндэсний компаниудад нэрлэсэн үнээр арилжина. Үлдсэн 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр худалдаж, хөрөнгө босгоно.
С.Туул