• Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 14 дүгээр хуралдааны үеэр монголын талын төлөөлөгчдийг баримтлах удирдамжийг зөвшөөрч, хуралдаанд оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Комиссын монголын хэсгийн дарга Н.Алтанхуягт зөвшөөрөв.
• БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн 2010 оны 6 дугаар сарын 1-2-ны өдөр Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгав. Энэ удаагийн айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн, эдийн засаг, хөрөнгө оруулалтын тэргүүлэх салбаруудад нэг дор ахиц авчирсан, хүмүүнлэгийн харилцааг улам гүнзгийрүүлсэн, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ шатны суурийг тавьсан, шинжлэх ухааны байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц өглөө гэж Засгийн газар үзэж байна.
• БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр тал хэлэлцэн тохиролцсоны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар БНХАУ-ын Хөх нуур мужийн 60 хүүхдийг Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд амраахаар болов. Хүүхдүүд манай хүүхдийн байгууллагуудын ажилтай танилцан, монгол хүүхдүүдтэй нөхөрсөг уулзалт, ярилцлага хийж, МҮОНРТ болон бусад хэвлэл, мэдээллийн байгууллагын хүүхдийн нэвтрүүлэг, хөтөлбөрт оролцох юм.
• 2010 онд болсон цаг агаарын онц аюултай үзэгдэл болон гал түймрийн улмаас Дундговь, Төв, Ховд аймгийн зарим суманд учирсан хохирлыг арилгах, сэргээн босгоход шаардлагатай 52.637.000.0 /тавин хоёр сая зургаан зуун гучин долоон мянган/ төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.
• Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг удирдан зохион байгуулах хороог Монгол Улсын Шадар сайд М.Энхболдоор ахлуулан байгуулав. 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин Улсын ноёрхлыг эцэс болгон монгол төрийг сэргээн байгуулж, монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь манай улсын түүхийн онцгой, түүхт үйл явдал. Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс нь болсон юм.
• Дорнод аймгийн баяр наадмыг 2010 оны 7 дугаар сарын 29, 30-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхийг Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлавт зөвшөөрөв. Тус аймагт гарсан малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг 2010 оны 7 дугаар сарын 18 хүртэл сунгаж, аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан баяр наадам, төвлөрсөн сургалт, зөвлөгөөн зохион байгуулахыг хориглоод байгаа юм.
• Увс нуурын ай савын дархан цаазат газар /Монгол/ - Увс нуурын хотгорын тусгай хамгаалалттай газар /ОХУ/ болон Онон-Балжийн байгалийн цогцолборт газар /Монгол/ - Сохондын тусгай хамгаалалттай газар /ОХУ/ хил дамнасан Шим мандлын дархан газар байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зүйтэй гэж үзэн Оросын талтай хэлэлцээрийг эцэслэн тохирох болов.
• “Барилгын зураг төсөл боловсруулж, түүнд магадлал хийх, барилгын үе шатны ажилд хяналт тавих, ашиглалтад оруулах хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм”-ийг батлав.