Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай түүхэн шийдвэрт УИХ өчигдөр “гарын үсэг” зурлаа. Монголчууд зэс, алт, нүүрсээ сандайлсан гуйлгачин биш, түүнийгээ олборлож, баялаг бүтээх үйлдвэрлэгч, бас хувьцаа эзэмшигч болох хоёр дахь зам үүгээр нээгдлээ гэсэн үг. Өмнө нь Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан бол одоо хоёр дахь том толгойгоо ашиглах эрх зүйн эхний орчныг бүрдүүлж, тогтоол баталсан нь энэ. Олон жилийн турш маргаж, шийд - вэрт хүрч чадахгүй байсан уг асуудлыг шийдэхийн тулд гишүүдийн ирцийг сайн бүрдүүлэхийг УИХ-ын дарга хичээжээ.
Чуулганыг 15.00 цагт зарласан ч Төсвийн байнгын хороо зэрэгцэн хуралдаад түүнийг тарж, гишүүд ирэхийг цаг гаруй хүлээсэн юм. Эдийн засгийн байнгын хороо тогтоолыг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ өнгөрсөн долоо хоногт чуулган дээр гишүүдийн ярьж байсан гол хоёр саналыг тусгаж оруулж иржээ. Тавантолгойн ордыг төрийн өмчит “Эрдэнэс MGL”-ийн охин компани болох “Эрдэнэс Тавантолгой” компани хариуцна. Өөрөөр хэлбэл, уг орд дахь толгой компани нь энэ болж, хувьцаагаа 100 хувь эзэмшинэ. Үүний 10 хувийг ард түмэндээ үнэгүй эзэмшүүлэх юм.
Мөн 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр, 30 хувийг гадаад, дотоодын бирж дээр худалдана. Үлдсэн 50 хувийн хувьцааг “нөөцлөх”-өөр төсөлд тусгасан байна. Мөн гаднын хөрөнгө оруулагчдыг тендерээр шалгаруулж, энэ тухай намрын чуулган дээр дэлгэрэнгүй мэдээлэх зарчмын зөрүүтэй саналыг тэд оруулжээ. Тус ордыг ашиглах ТЭЗҮ-ийг урьдчилсан байдлаар тогтоосон, хууль эрх зүйн орчин бүрдмэгц богино хугацаанд эцэслэн баталгаажуулна хэмээн Д.Зоригт сайд мэдэгдэж буй билээ. Эдийн засгийн байнгын хорооны дүгнэлтийг Д.ДамбаОчир танилцуулсны дараа зарим гишүүн асуув.
Л.Гүндалай: Монголчууд яагаад энэ орд дээр дангаараа хөрөнгө босгож болдоггүй юм. Уг ордыг ашиглахын тулд хэ дэн төгрөгийн хөрөнгө бос гох хэрэгтэй вэ. Монголчууд өөрсдөө ашиглахад ямар саад, шалтгаан учраад байна? Гаднын ямар компаниуд уг ордыг ашиглах эрх авах юм?
Д.Зоригт (Эрдэс баялаг, эрчим хүчний сайд): -УИХ-ын энэхүү тогтоолын гол үзэл баримтлал таны санаатай ижил. “Эрдэнэс Тавантолгой” ард түмний компани байна. Компани эхний 1-2 жилд 1.5 тэрбум долларын хөрөнгө босгох шаардлагатай гэж тооцсон. Гишүүдэд хөрөнгө оруулалттай холбоотой бүх мэдээллийг тараасан.
Л.Гүндалай: Тусгаар тогтносон, асар их баялагтай оронд 1.5 тэрбум долларыг босгох юу юм бэ. Ийм дутуу, ухаан муутай хариулт сонсчихоод бид уг тогтоолыг батлаад явуулах уу.
С.Баярцогт (Сангийн сайд): - Тавантолгой бол дэлхийн хэмжээний том орд. Үүнийг Мон гол Улс дангаараа ашиглаж болно. Гэхдээ дамжин өнгөрөх тээвэр гэх мэт геоэдийн засгийн олон хүчин зүйлийг авч үзэх хэрэгтэй. Манай улс далайд гарцгүй учир ОХУ, БНХАУ-аар дамжуулахаас аргагүй. Дэлхийд нэр хүндтэй 11 компани Тавантолгойн ордын үйл ажиллагаанд оролцох саналаа өгсөн байгаа.
Н.Ганбямба: -Уг тогтоолыг баталснаар Тавантолгойн асуудал УИХ-ын түвшнээс гараад явчих юм биш байгаа. Тогтоолоор Засгийн газарт хэтэрхий эрх мэдэл өгч байна. ТЭЗҮ-ийг нь эцэслэн батлаагүй байгаа шүү дээ.
Ц.Баярсайхан (Эдийн засгийн байнгын хорооны дарга): -Эцэслэж байна гэсэн үг биш. Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг намрын чуулганаар хэлэлцэнэ.
Ц.Батбаяр бас Засгийн газарт хэтэрхий эрх өглөө хэмээн шүүмжлэв. Үүний дараа Байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй хоёр саналыг хурааж, олонх дэмжив. Энэ үед 62 гишүүн ирсэн байлаа. Түүхэн шийдвэрийг сайн ирцтэйгээр батлах УИХын даргын чармайлт үр дүнд хүрсэн гэсэн үг. Тавантолгойн ордыг ашиглах шийдвэр гаргах гэж байхад эзгүй байсан Ерөнхий сайд тогтоолыг батлах санал хураалт явуулахад орж ирлээ. Тогтоолыг гишүүдийн 88.7 хувийн саналаар баталлаа. Харин Л.Гүндалай, Ц.Батбаяр, Х.Тэмүүжин нарын есөн гишүүн эсрэг санал өгөв.