“Нээлттэй нийгэм форум” ТББ өчигдөр Монгол Улсыг хөгжүүлэх сангийн мөнгөн хөрөнгийг арилжааны банкуудад хэрхэн байршуулсан болон түүний үр дүнд хийсэн судалгааныхаа дүнг танилцууллаа. Засгийн газраас санхүүгийн хямралд өртөж, байдал нь хүндэрсэн банкуудад төсвийн хөрөнгөнөөс мөнгөн зээлийн туслалцаа үзүүлж, сэхээн амьдруулах арга хэмжээ авах тухай хуулийг 2008 оны арванхоёрдугаар сард баталсан.
Үүний дагуу зургаан банк Монгол банкинд зээл авах санал тавьснаас Худалдаа хөгжил, “Зоос”, “Монгол шуудан” гэсэн гурван банкийг сонгож, зургаан сарын хугацаатай нийт 65 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Ингэхдээ Засгийн газар, Сангийн яам, зээлийн ажлыг гардан хийсэн Монголбанкнаас “Зоос” банкинд 15, “Монгол шуудан” банкинд 25 тэрбум төгрөгийг 180 хоногийн хугацаатай 9.75 хувийн хүүтэйгээр, Худалдаа хөгжлийн банкинд мөн хугацаагаар 25 тэрбум төгрөгийг 11.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн байна.
Зургаан сарын дараа дээрх банкуудын аль нь ч зээлсэн мөнгөө бүрэн төлөх хэмжээнд хүрээгүй байснаар барахгүй “Зоос” зургаан тэрбум, “Монгол шуудан” 19 тэрбумын өртэй үлдэж, зээлийн хүү нь 11.5 хувь болон нэмэгдсэн байна. Есөн сарын дараа “Зоос” банк гурван тэрбум төгрөгийг төлж чадахгүйд хүрснээр Засгийн газрын давуу эрхийн дагуу татан буугдаж, суурин дээр нь Төрийн банк байгуулагдсан байна. Мөн “Монгол шуудан” банкны үйл ажиллагаа ч өдгөө зогсчээ.
Ийнхүү сэхээн амьдруулах гээд сэхэл авахгүй болгосны учрыг судалгааны багийнхан “Арилжааны банкуудад хадгаламж байршуулсан хугацаа хэт богино, хадгаламжийн хүү өндөр байсан нь банкинд үүссэн хүндрэлийг даван туулах бололцоог олгоогүйгээр барахгүй, тухайн банкуудын үйл ажиллагааг Монгол банк хэтэрхий нууцалж, Сангийн яам энэ ажилд хяналт тавилгүй, зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байснаас болсон байх магадлалтай” гэж тайлбарлав. Хоёр банк хаалгаа барихад хүргэсэн зээл Засгийн газарт ямар нэг алдагдал учруулаагүйгээр барахгүй 3.95 тэрбум төгрөгийн ашиг өгсөн байна.
Дашрамд дурдахад, журмын дагуу Сангийн сайд улирал бүр уг арга хэмжээний үр дүнгийн талаар мэдээлэх ёстой ч өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш нэг ч мэдээлэл хийгээгүй байгаа аж.