Хэдэн үеэрээ Сүхбаатарын талбай хэмээн дуудаж ирсэн төв талбай нэг л өглөө нэрээ сольж, Чингисийнх болсон. Тиймдээ ч Лондоноос хаяанд ирээд буй Чингис хааны хөшөөг төв талбайд байрлуулж, Д.Сүхбаатар жанжны хөшөөг нүүлгэх нь гэсэн яриа жиргээчдийн дунд өрнөөд буй.
2012 оны дөрөвдүгээр сарын 14-нд Лондон хотод байрлуулсан уг хүрэл хөшөөг ОХУ-ын Буриад улсын уран бүтээлч Даши Намдаков урлажээ.
Английн парламентийн зарим гишүүд эсэргүүцэн, буулгахын санал болгосон Эзэн Чингисийн хөшөө энэ оны эхээр гааль дээр буугаад байгаа бөгөөд тун удахгүй тус хөшөөг гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг УИХ-аар авч хэлэлцэх гэж буй. Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн хоёр сая ам.доллараар худалдан авч эх орондоо авчирсан хөшөөний гаалийн асуудал шийдэгдэх гэж буйтай холбогдуулан иргэдийн дунд 4.8 метр өндөр хөшөөг хаана байруулах вэ гэсэн асуултад хариу хүлээж буй.

Майдар цогцолборын гол бэлгэдэл болно хэмээн яригдаж байсан хөшөөг хаана байруулах талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Хөшөөг байрлуулахын тулд тухайн орон нутгийн удирдлагаас зөвшөөрөл авдаг. Одоогоор Чингис хааны хөшөөг нийслэлд байрлуулах хүсэлт тавиагүй байна. Сүхбаатарын хөшөөний оронд байрлуулах асуудал ч огт сөхөгдөөгүй байна” гэв.
Уншигч та Монголын хөрсийг эх биед нь шингээсэн Эзэн Чингисийн хүрэл хөшөөг хаана байрлуулаасай гэж хүсэж байна вэ?