Энхбатын Бадар-Ууган 23 насандаа эх орныхоо төрийн далбааг 2008 оны Бээжингийн олимпийн дэвжээнд мандуулж монголчуудын магнайг тэнийлгэн баярлуулж Олимпийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртэж байсан билээ.Тэгвэл өнөөдөр тэр спортоос өөр зүйлээр ард түмнээ баярлуулж байна.
Тодруулбал, Олимпийн аварга тамирчин маань "Өөжинмед" үр шилжүүлэн суулгах төвийг шинээр ашиглалтад оруулан, өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн үеэр "Өөжинмед" үр шилжүүлэн суулгах төвийн эмчилгээ эрхэлсэн захирал Э.Одхүү: “Энэ төв жилдээ 300-500 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Үнэ өртөгийн хувьд гадаадад үр шилжүүлэн суулгаснаас хоёр дахин бага буюу 6-9 сая төгрөг байх юм” хэмээн хэлж байлаа. Мөн ЭМШУИС-ийн бааз дээр түшиглэн байгуулсан энэхүү төв нь Япон улсын эмч, мэргэжилтэн, техник технологи дээр тулгуурлсан гэдгээрээ онцлог юм байна.
"Өөжинмед" үр шилжүүлэн суулгах төвийн ерөнхий захирал Э.Бадар-Ууганаас зарим зүйлийг тодрууллаа.
- Чухам яагаад үр шилжүүлэн суулгах төвийг байгуулах болов?
-Анх 2008 онд олимпийн аварга болсныхоо дараа Монгол Улсдаа хэрэгтэй зүйл хийх хэрэгтэй гэж бодсон. Нэлээд удаан бодсоны эцэст 2009 онд Япон улсад Д.Дагвадорж аваргын урилгаар очоод байхад энэ санаа орж ирсэн юм. Сүүлийн жилүүдэд манайд ариун хайраараа учирсан ч үрийн зулай үнэрлэж чадахгүй байгаа эцэг, эхчүүдийн тоо олширч, гадагшаа зорих хүмүүсийн тоо хэт нэмэгдсэн учраас тэдгээр хүмүүст туслах зорилгоор энэхүү эмнэлгээ нээж байна. Миний гэр бүл найз нөхөд их тус дэм болсон учраас тэд нартаа бас баяр хүргье.
-"Өөжинмед “ төв хэдий хэмжээний өртөгөөр боссон бэ?
-Японы “Kato Ladies Clinic эмнэлгийнхэн их тус болсон. Тэд тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж, зарим тоног төхөөрөмж бэлэглэсэн. Энэ төрлийн эмнэлгийг байгуулахад их өртөг гардаг юм билээ. Эмнэлгийн барилгын хувьд ЭМШУИС-ийн Сувилхуйн сургуулийн баазад түшиглэн байгуулсан юм.
-Үр шилжүүлэн суулгах төвд ажиллах эмч, мэргэжилтнүүдийн хувьд?
-Манай бүх эмч нар Японд мэргэшсэн. Японы мэргжилтнүүд болон монгол эмч сувилагч нар үйлчилнэ.
-Манай Улсад үр шилжүүлэн суулгах шаардлагатай гэр бүл хэр их байдаг юм бол?
-2014 оны судалгаагаар 7 мянга орчим гэр бүл үр шилжүүлэн суулгах шаардлагатай гэсэн тоо гарсан. Одоогоор эмнэлэгт эмчлүүлэх хүмүүсийн захиалга аль хэдийн ирээд байгаа. Мөн урд, хойд хоёр хөршөөс ч үзүүлэх өвчтөнүүд захиалгаа өгсөн. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн үргүйдэл их өсч байгаа бөгөөд бэлгийн замын халдварт өвчин, үр хөндөлт, өөртөө тавих анхаарал хэт суларснаас үүдэлтэй юм билээ.
Дашрамд сонирхуулахад, 45-аас дээш насны болон зүрхний гажигтай, 90 кг-аас дээш жинтэй хүмүүс үр шилжүүлэх суулгахыг хориглодог ажээ.
Г.Оюунт