Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2015.06.23/ хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулах үеэр гишүүн Г.Батхүү энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг асуудлаа эцсийн хувилбараар бүрэн дуусгаж амжаагүй байгаа тул ирэх долоо хоног хүртэл түр хойшлуулах санал гаргасныг гишүүд дэмжив. Мөн байнгын хорооны дарга А.Бакей энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн “УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төсөл боловсруулагдах шатандаа байгаа. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгуулах саналаа Байнгын хороод, нам, эвслийн бүлгүүд ирүүлсэн, харин Ерөнхийлөгч, Засгийн газраас саналаа ирүүлж амжаагүй байгаа учраас энэ асуудлыг байнгын хорооны дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр түр хойшлуулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн юм.