Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2015.06.23/ хуралдаанаар Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин хийсэн юм. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад байнгын хорооны ажлын хэсэг 2 удаа, ажлын дэд хэсэг 7 удаа хуралдаж, гишүүдээс гаргасан саналууд болон УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн экспертийн албанаас гаргасан зөвлөмжийг хэлэлцэн төсөлд тусгаж, зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудыг нэгтгэснээ дурдав. Мөн уг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн О.Баасанхүү танилцуулсан юм. Ингээд байнгын хорооны ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 25 саналын томьёолол гаргасныг нэгбүрчлэн санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авлаа. Тухайлахад хуулийн төслийн 7 дугаар зүйлийн “Хууль тогтоох сонсгол” гэснийг “Хууль тогтоомжийн төслийн сонсгол” гэж өөрчлөх, төслийн 24.3 дахь хэсгийн “тогтоосон журмыг илтэд үл хүндэтгэсэн” гэснийг “тогтоосон журмыг зөрчсөн” гэж өөрчлөхөөр болов. Нийтийн сонсголыг эрх бүхий этгээдээс боловсруулах хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, энэ хуульд заасан нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудал, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтэд тавих хяналт, татварын хууль тогтоомж болон төсөв батлах, төсвийн орлого, зарцуулалтад тавих хяналт, УИХ-аас томилогдох албан тушаалтны асуудлыг хэлэлцэх, тухайн асуудлаар шийдвэр гаргахад зохион байгуулах юм байна. Харин ажлын хэсгээс хуулийн төсөл дэх “мөрдөн шалгах” гэсэн заалтыг хасах санал гаргасан нь дэмжигдэв. Иймээс уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн заалтыг хүчингүй болгох тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаахыг дэмжлээ. Мөн хуулийн төслүүдийн талаар Өргөдлийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналуудыг хэлэлцээд эдгээр саналын ихэнх нь ажлын хэсгээс гаргасан саналуудад агуулгын болон найруулгын хувьд туссан тул санал хураах шаардлагагүй гэж үзэв. Ингээд Нийтийн сонсголын тухай болон холбөоглох бусад хуулийн төслүүлийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаан оруулж хэлэлцүүлэхээр боллоо.