Энэ жил зүүн бүсийн гурван аймагт хүмүүсийн буруутай үйл ажиллагааны улмаас их хэмжээний ой хээрийн түймэр гарч, урьдны жилүүдэд гарч байгаагүй их хэмжээний хор хохирол учруулсан билээ. Ой хээрийн түймрийн уршигаар олон малчид, иргэд орон гэрээ алдсан эмгэнэлтэй үйл явдал олонтаа гарсан юм.
Харин Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн нийт алба хаагчид тус гамшигт өртсөн малчид иргэдэд зориулан нэг өдрийн цалингаа хандивлалаа. Хандиваар нийтдээ 9 сая 370 мянган төгрөг цугларсан бөгөөд энэхүү мөнгөөр иж бүрэн 6 гэрийг худалдан авчээ. Ингээд гамшгийн хэмжээг харгалзан үзэж, Сүхбаатар аймагт 3 гэр, Дорнод аймагт 2 гэр, Хэнтий аймагт 1 гэрийг олгохоор хуваарилсан байна. Өнөөдөр аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ж.Оюунбаатарт аймгийн ШША-ын дарга, дэд хурандаа Ц.Батсайхан иж бүрэн 4 ханатай гэрийг гардуулан өглөө.