Төв цэвэрлэх байгууламжид амь тариа төдий засвар хийсэн болоод энэ асуудал намжих шинжтэй болоод явчихав. Нийслэлч үүд өглөө, өдөр оройгүй цэвэрлэх байгууламжийнхаа “тансаг” үнэрт дарагдаж, өмнөх жилүүдийн адилаар тэсэж тэвчихээс аргагүй болов. Тэгвэл дотор муухайрам үнэрт дасах ч дүүрсэн хэрэг бололтой. Учир нь Улаанбаатар хотоос баруун тийш 52 км-т оршдог, Төв аймгийн Алтанбулаг сумынхан Туул голын бохирдлоос болоод нутаг орноо орхин дайжихад ойрхон байна.
Төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэсэн нэртэй, цэвэрлэгдээг үй бохир Туул голд цутгаж цааш урссаар Алтанбулаг суманд хүрдэг. Тэгвэл Сонгиноос Алтанбулагийн гүүр хүртэлх хэсэг маш бохир гэсэн ангилалд ордгийг судалгаагаар тогтоогоод байгаа. Тус сумын нутгаар Туул гол 100 км урсаж өнгөрдөг бөгөөд Алтанбулаг сумын хүн амын амьжиргааны гол эх үүсвэр болсон мал сүрэг нь энэ голоос ундаалдаг. Туул голын сав дагуу хавар, зуны улиралд сумын 670-аад өрх нутаглаж, нийт 150 гаруй мянган мал голын уснаас уудаг аж.
Туул голын бохирдол 2006 оноос нутгийн иргэдэд эрс мэдэгдэж, өмхий үнэртэх лаг, шавар ихэссэн бөгөөд 2007 оны зунаас 10 гаруй зүйлийн загас үхэж, одоогийн байдлаар загас, мэлхий ховордоод байгааг нутгийн иргэд хэлж байна. 2008 онд Алтанбулаг сумын I багийн нутагт оршин суугч Р.Энхтайван, II багийн нутаг Өгөөмөрт оршин суугч Нэргүйн суурьт дөрвөн мөчгүй тугал, мөн I багийн иргэн Сум-Очирын хотонд нэг нүдтэй хурга гарчээ. Ер нь Туул голын сав дагуу нутагладаг айл өрхүүдийн мал хээл хаян, уснаас хордож үхэх нь ихэссэн гэнэ.
Төв аймгийн Засаг даргын 2014 оны дөрөвдүгээр сарын 15-ны А/115 тоот захирамжаар БОАЖГ, УЦУОШГ, МХЕГ хамтарсан ажлын хэсэг Алтанбулаг, Лүн сумын нутгаар урсан өнгөрч байгаа Туул голын уснаас есөн удаа авсан дээжинд шинжилгээ хийхэд Салхитын гацаа орчмоос авсан дээжинд халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн нян, перманганатын исэлдэлт стандартын шалгуураас 3.4, аммиак 18.3, фосфор 13 дахин их гарчээ. Нутгийн иргэд холбогдох дээд шатны байгууллагад удаа дараа хандаж байгаа ч одоо хүртэл дорвитой арга хэмжээ авахгүй байгаад нутгийн иргэд гомдолтой байгаа ажээ.
ТЭРГЭЛ