Тив дамнан аялсан Даши Намдаковын “Чингис хаан” хөшөөг татвараас хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг УИХ-аар шийдвэрлэх гэж буйтай холбоотойгоор “Их жанжны хөшөөг эзэн хааныхаар солих нь ээ” гэсэн жиргээ твиттерт гараад буй. Үүнтэй холбогдуулан 4.8 метр өндөр хүрэл хөшөөг өөрийн хөрөнгөөр худалдан авч, эх орондоо авчирсан Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн туслахаас тодруулахад “Зөвхөн “Чингис хаан” хөшөө биш, түүний дагуул таван хөшөөний хамт манай улсын гааль дээр өнгөрөгч зун ирсэн. Татвараас хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг энэ баасан гаригт буюу зургадугараа сарын 24-нд УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Сүхбаатарын хөшөөний оронд байрлуулна гэдэг нь ор үндэсгүй цуурхал. Учир нь “Чингис хаан” хөшөөг дагуул таван хөшөөний хамт байрлуулахад Чингис хааны талбайд багтахааргүй болно. Өндөр довд байгуулах аялал жуулчлалын томоохон цогцолборын гол бэлгэдэл болгохоор төлөвлөж буй юм. Дашрамд сонирхуулахад хөшөөнүүдийг худалдан авахад хэвлэлүүдэд бичсэн шиг хоёр сая биш, хорин сая ам.доллар зарцуулсан” гэв.