УИХ-ын даргын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийсэн БНТурк улсын Үндэсний Их Хурлын дарга, эрхэмсэг ноён Мехмет Али Шахин тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал амжилттай өндөрлөлөө. Айлчлалын үеэр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Мехмет Али Шахинтай уулзаж, хоёр орны болоод Парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
УИХ-ын дарга уулзалтын эхэнд хэлэхдээ, манай хоёр орон өнө эртнээс уламжлалтай түүхэн харилцаатай, угсаа гарвал, хэл, соёл нэгтэй ард түмэн гэдгээрээ ямагт ойр дотно харилцаж ирсэн билээ. Энэхүү харилцааны түүхэнд бас нэг шинэ хуудас нэмсэн үйл явдал болж буй нь эрхэмсэг дарга Таны албан ёсны айлчлал юм гэдгийг онцлон тэмдэглэлээ. Соёл, гарвал угсаа гээд монголчуудтай эртнээс түүхэн хэлхээ холбоотой, нөгөө талаар Ази, Европыг холбодог гүүр орон болж байдаг тул Европын Холбоо болон Европын орнуудтай ойр дотно хамтран ажиллах Монгол Улсын эрмэлзэл, төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд Турк улс тусалж зуучлах гол орон байна гэдэгт итгэж буйгаа УИХ-ын дарга уулзалтын үеэр онцолж байлаа. Эрхэмсэг ноён Мехмет Али Шахин хэлэхдээ “Бид өвөг дээдсийнхээ өлгий нутагт хөл тавсандаа сэтгэл ихэд хөдөлж байна.
Бас БНТУ-ын Үндэсний Их Хурлын даргын хувьд Монголд анх удаа айлчилж буйдаа баяртай байна. Тэр дундаа Монголын ард түмний үндэсний их баяр наадмыг сонирхон үзэх завшаан тохиосонд бүр ч баяртай байна” гэлээ. Хэдийгээр Туркийн Үндэсний Их Хурлын дарга анх удаа айлчилж байгаа ч хоёр орны Парламентын хамтын ажиллагаа 1993 оноос амжилттай хөгжиж байгаа, хоёр орны парламентын бүлгүүд, Тамгын газрууд ч идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэрбээр онцлов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.