АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар УИХ-ын гишүүд байр суурийн зөрчилтэй байна. Зарим нь түдгэлзүүлэхийг дэмжиж буй ч олонх нь авч үлдэх байр суурьтай байгаа бололтой. Энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороо өчигдөр гурав дахь удаагаа хаалттай хэлэлцсэн ч ямар нэг шийдвэр гаргасангүй.
УИХ-аас томилдог албан тушаалтнуудыг шалгахын тулд заавал бүрэн эрхийг нь тэдний зөвшөөрлөөр түдгэлзүүлэх учиртай аж.
Ерөнхий прокурор УИХ-д ийм хүсэлт тавихдаа Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн, төсвийн зарцуулалтыг буруу хийсэн гэсэн үндэслэл хэлсэн юм. Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-Ерөнхий прокуророос ирүүлсэн үндэслэлийн нэг болох Гүйцэтгэх ажлын тухай асуудлыг УИХ-ын Тусгай
хяналтын дэд хороогоор хэлэлцэх горимын саналыг гишүүдээс гаргалаа. Мөн энэ асуудлаар ТЕГ-аас байгуулсан Ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээх хэрэгтэй гэж үзсэн.
-Тэднийг УИХ-ын гишүүдийг тагнаж, чагнасан гэж буруутгаж байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү?
-Сонин хэвлэлээр ийм мэдээлэл тоо, баримттайгаар гарч буй ч тэдний хэн хэн нь ийм зүйл байхгүй гэдгээ
хэлж байгаа.
-ТЕГ-ын Ажлын хэсгийн дүгнэлт хэзээ гарах юм бол. Энэ асуудлыг хуульд заасан ажлын 14 хоногийн
дотор шийдэж амжих уу?
-Удахгүй гарах байх. Бодит байдалд энэ хугацаанд багтаж шийдвэр гаргах нь амаргүй байдаг шүү дээ. Гэхдээ бид асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцэж эхэлсэн.