“Хадгаламж” банкны ах лах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа банкнаасаа 14.2 тэрбум төгрөг завшиж, мөрийтэй тоглож үрэгдүүлсэн Ц.Чимэдцэрэнд шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид 10 жил ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Гэвч Ц.Чимэдцэрэнг эдлэх ёстой ялынхаа 50-иас дээш хувийг эдлээгүй байхад, мөн Төрийн өмчийн хороо, “Хадгаламж” банкинд учруулсан хохирлоо төлөөгүй байхад ялын дэглэмийг нь бууруулж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж эхэлсэн юм.
Харин Сэлэнгэ аймгийн прокурорын газраас анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хvлээн авч хэлэлцсэн байна. Улмаар сум дундын шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, түүний эдлэх ёстой үлдсэн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.