УИХ-ын хаврын чуулганы үр дүнг АН, МАХН-ын бүлгийн дарга хамтдаа сууж байгаад өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэв. УИХ дахь бүлгийн дарга нар зэрэгцэж суугаад мэдээлэл хийж буй нь анхных аж. Өмнө нь АН-ын дарга Ц.Элбэгдорж, МАХН-ын дарга С.Баяр нар нэг удаа ийм “туршлага” нэвтрүүлсэн түүх бий.
Хаврын чуулганаар 130 асуудал шийджээ. УИХ дахь бүлгүүд ч 30 орчим удаа хуралдаж, 100 гаруй асуудлыг хэлэлцсэн байна. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого, Тавантолгойн ордыг ашиглах тухай тогтоол, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэх мэтээр улс төр, нийгэм, эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарт түүхэн, бодлогын томоохон бичиг баримтыг энэ чуулганаар баталсан. Хэдийгээр хаврын чуулга наар хэлэлцэхээр төлөвлөсөн ажлын гүйцэтгэл 67 хувьтай байгаа ч баталсан дээрх асуудлын ач холбогдол их.
Санал зөрөлдөх асуудал зөндөө байсан учир тэр бүрт Ажлын хэсэг байгуулж, Бүлгүүд хоо рондоо зөвшилцөх гэх мэтэд нэлээд хугацаа зарсан, амаргүй байсныг тэд онцолсон юм. Сэтгүүлчид тэднээс зарим зүйл тодрууллаа.
-Сонгуулийн тухай хуулийг энэ чуулганаар батална гэж байсан ч амжсангүй. Юун дээр санал зөрөлдсөн бэ?
Д.Лүндээжанцан: -Сонгуу лийн хуулийн улс нэг тойрог болоод сонгогч нэг нэр дэвшигчийг сонгох пропорциональ тогтолцоо, улсыг хэд хэдэн тойрогт хувааж нам, нэр дэвшигчийг сонгох гэсэн хоёр өөр төсөл УИХ-д өргөн барьсан. Үүний аль алиныг хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёр Бүлгээс Ажлын хэсгүүд гарч, эцэст нь 26 хүнийг мажоритари, 50 хүнийг пропорциональ тогтолцоогоор сонгох дундын холимог хувилбар дээр тогтсон. Гэхдээ ярих, зөвшилцөх зүйл үлдсэн.
Ч.Сайханбилэг: -Пропор циональ тогтолцооноос урвалаа гэх мэтээр хэвлэлээр биднийг бичиж байна. Гэхдээ хэрэв улс нэг тойрог болчихвол орон нутгийн төлөөлөл болж ажиллах чанар нь алдагдана гэж зарим хэсэг нь үзсэн. Тиймээс 26-г нь тойргоор, 50-ийг пропорциональ тогтолцоогоор сонгох хувилбарыг сонгосон юм. Бодит шаардлагаар л ийм сонголт хийсэн. Үлдсэн 50 хувиа яг хэрхэн сонгох талаар маргаантай байгаа. Тиймээс намрын чуулганаар уг асуудлыг хэлэлцэнэ.
-УИХ-ын бүрэн эрхийн хугацаа талдаа орж буй ч хоёр намын амлалт биелээгүй байгааг юу гэж ойлгох вэ?
Д.Лүндээжанцан: -УИХ уг асуудлыг анхаарч байгаа. Хүний хөгжил сангийн тухай хуульд сая өөрчлөлт оруулж, хишгийг иргэн бүртээ сар сараар олгож байхаар боллоо. 1.5 сая төгрөгөөс 500.000 төгрөгийг бэлнээр, үлдсэнийг эрүүл мэнд, боловсролын даатгал, орон сууцны төлбөр зэрэгт зарцуулна. Мөн Тавантолгойн ордын 10 хувийн хувьцааг иргэддээ эзэмшүүлэхээр боллоо. Ер нь хоёр нам санамсаргүйгээр, өөрсдөө сонгогдохын тулд мөнгө амлаагүй.
Ч.Сайханбилэг: -Үлдсэн хугацаанд амлалтаа биелүүлнэ.