Америкийн Төрийн нарийн бичгийн даргын туслах Жеймс Стайнберг Азийн орнуудад айлчлал хийж эхэллээ. Өчигдөр тэрбээр Казахстанд зочлон, тус улсын Гадаад хэргийн сайд Канат Саудабаевтай уулзсан бол өнөөдөр Ташкентэд Узбекистаны Ерөнхийлөгч И.Каримов болон иргэний байгууллагуудын төлөөлөлтэй уулзана. Түүний гол зорилго нь Азийн орнуудын Гадаад хэргийн сайдуудын албан бус уулзалтад оролцох явдал гэнэ. Тэрбээр Кыргызэд маргааш очиж, шинэ Засгийн газрын гишүүдтэй уулзаж, улс орны байдалтай танилцсаныхаа дараа манай оронд ирэх юм байна.
Жеймс Стайнберг 19-ний өдөр Улаанбаатарт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд нартай уулзаж, ярилцана. Мөн иргэний нийгмийн тэргүүнүүдтэй уулзах төлөвлөгөөтэй байгаа аж. Ганцхан өдрийн шахуу айлчлал хийгээд тэрбээр Токио руу явна. Японы Засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай уулзсаныхаа дараа Австрали, Япон, Америкийн гурван талт хэлэлцээнд Америкийн багийг ахлах юм байна.
М.СУГАРАА