Дэлхийн банк Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, хөрөнгө оруулалтанд бодлогын томоохон дэмжлэг үзүүлж, үе шаттай төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байдаг юм. Тэгвэл тус банкны суурин төлөөлөгч Аршед Саид Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг’-ээр өнөөдөр шагнууллаа. Ноён Аршед Саидад энэ нэр хүндтэй шагналыг гардуулах үеэрээ хотын дарга Г. Мөнхбаяр олон жил хамтарч ажилласанд талархал илэрхийлээд 2 сарын өмнө Дэлхийн банктай хамтарч зохион байгуулсан хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтаар төлөвлөсөн ажлуудыг цаашид үр дүнтэй хэрэгжүүлэх болно гэдгээ илэрхийлэв.
Дэлхийн банкны суурин төлөөлөгч Аршед Саид хэлэхдээ миний амьдралын бага биш цаг хугацаа Монгол Улсын нийслэлтэй холбогдлоо. Би 4 жил Улаанбаатар хотод амьдарсан байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд нийслэл хотын өнгө төрх өдөр ирэх бүр өөрчлөгдөж, зам, дэд бүтэц сайжирч байна. Зөвхөн хотын төвийн том замууд төдийгүй миний ажлын газар, амьдарч байсан гэрийн ойролцоох газруудад зам засварын ажил өрнөж буй нь хотын удирдлагууд та бүхний ажлын үр дүн юм гэлээ. Та бүхний зүгээс санаачилсан хөрөнгө оруулалтын чуулган их зөв зүйтэй ажил байсан.
Энэ чуулганыг үргэлжлүүлж байхыг хүсье. Хэдийгээр Монгол Улсад ажиллах миний томилолтын хугацаа дууссан ч дараагийн суурин төлөөлөгчөө та бүхэнтэй холбон өгч, Улаанбаатар хотын хөгжлийн төлөө ажиллуулах болно. Түүнчлэн Дэлхийн банк цаг үргэлж төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж байна гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.
Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шагнал юм. Энэ тэмдгээр тун цөөн хүн шагнуулдаг байна. Тэр тусмаа хуруу дарам гадаадын иргэн энэ шагналыг хүртэж байжээ.