“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор байгуулах бэлтгэл ажлын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Аж үйлдвэрийн цогцолборын төслийн ерөнхий зөвлөх, хуулийн зөвлөхийг сонгон шалгаруулах ажлыг зарлахыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо /Ч.Хашчулуун/-нд даалгав.
Мөн “Сайншанд” болон бусад бүс нутагт байгуулах аж үйлдвэрийн паркуудыг хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих нөхцлийг бүрдүүлэхийн тулд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах, төсөлд үндэсний аж ахуйн нэгжүүдийг оролцох боломжоор хангах, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, хяналт тавьж ажиллахыг “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор байгуулах бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг /Ч.Хүрэлбаатар/-т даалгав.
“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборт дэвшилтэт техник, өндөр технологи бүхий кокс, хар төмөрлөг, нүүрс хийжүүлэх, зэс хайлуулах, барилгын материалын, газрын тос боловсруулах үйлдвэрийг хувийн хөрөнгө оруулалтыг татах замаар барина. Ингэснээр боловсруулах үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж, цемент, төмөр эдлэхүүний хэрэгцээг дотооддоо ханган, импортын хэмжээ буурч, нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн шатахууны үнийг тогтвортой барих боломж бүрдэнэ.
Олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай аж үйлдвэрийн цогцолбор, дэд бүтэц, инженерийн болон нийгмийн хангамжтай, байгаль орчинд ээлтэй, хот төлөвлөлтийн шаардлагыг бүх талаар хангасан орчин үеийн хот байгуулах юм. “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор төслийг хэрэгжүүлэхэд 5-аас дээш жилийн хугацаанд 10 гаруй тэрбум ам долларын хөрөнгө шаардлагатай. Иймээс төслийг санхүүжүүлэх хөрөнгийг санхүүгийн олон эх үүсвэрээс, үе шаттайгаар бүрдүүлэх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзэж байна.
Байгуулагдах үйлдвэрүүдийг түүхий эдийн нөөц, дотоод, гадаадын зах зээл, ажиллах боловсон хүчний нөөц бэлтгэх, төмөр зам болон бусад дэд бүтэц барих ажилтай нягт уялдуулах нь чухал байгаа юм. Энэ дагуу техник, эдийн засгийн судалгааг үндэслэл сайтай хийж барьж байгуулах, хөрөнгө оруулагчдыг татах нөхцлийг бүрдүүлэхийн тулд олон улсын хэмжээнд нэр хүндтэй, туршлагатай зөвлөхийг нээлттэй шалгаруулалтаар сонгон авах нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ.