Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдөр “Эх орынхоо хөгжилд бидний оролцоо” сэдэвт чуулга уулзалт болж хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын төлөөлөл болох 350 гаруй хүн оролцсон юм.
Энэ чуулга уулзалтаар яригдсан “Зөгийн үүр” хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Энэ хөтөлбөр нь хилийн чанадад байгаа иргэдээ эх орондоо ирж ажиллаж, амьдрахад шаардлагатай бодит мэдээллээр хангах, тэдний боловсрол, мэргэжлийн туршлага, ур чадварын талаар мэдээллийн сан үүсгэх, аж ахуйн нэгж, байгууллагуудын талаархи мэдээллийг гадаадад байгаа монгол иргэддээ хүргэх зорилготой.
Мөн :
- Монгол Улсын иргэд хилийн чанадаас эргэн ирж хөдөлмөр эрхлэх, бизнесийн үйл ажиллагаа эхлүүлэх болон хилийн чанадад байгаа иргэд, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллах таатай эрх зүйн орчин бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэх, бизнес эхлүүлэх, хамтран ажиллахад зуучлах, бизнесийн зөвлөх үйлчилгээ хэлбэрээр дэмжлэг үзүүлэх тогтолцоо бүрдүүлэх
- Хилийн чанад дахь Монгол Улсын иргэд эдийн засаг, аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологи, бүтээн байгуулалтын тэргүүлэх салбар, чиглэлийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрийн зах зээлд онц шаардлагатай ажлын байранд ирж ажиллавал үзүүлэх цалин хөлс, урамшууллын тогтолцоо бий болгоно.
Өнөөдрийн байдлаар манай улсын 200 хүртэл мянган иргэн хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч байгаа гэсэн албан бус тоо байдаг бөгөөд энэ нь манай улсын нийт ажиллах хүчний 9.3-18.6 хувь юм. Эдгээр иргэнийхээ мэдлэг, ур чадвар, нөөц бололцоог улсынхаа хөгжлийн төлөө ашиглахад татан оролцуулах шаардлага зүй ёсоор тулгарч байна.
Манай улс ойрын жилүүдэд эдийн засаг, нийгмийн олон салбарт бүтээн байгуулалтын томоохон хөтөлбөр, төслийг хэрэгжүүлж эхэлж байгаатай холбогдон 2010-2015 онд 40 гаруй мянган ажлын байр шинээр бий болно. Үүний 6 мянга гаруй нь инженер, техникийн ажилтан байх шаардлагатай. Мөн өндөр технологийн аж үйлдвэрийн салбарт ажиллах хүчний эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэхээр байгаа юм.