Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит XIV хуралдаан өчигдөр болж өндөрлөлөө. Хуралдааныг даргалсан Комиссын Монголын талын ахлагч, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хэлэхдээ, ээлжит хуралдаан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх албан ёсны айлчлалын өмнө болж байгаагаараа чухал үүрэг гүйцэтгэж байна гэв. Хуралдаанаар ЗГХК-ын XIII хуралдааны шийдвэрийн биелэлт, Ажлын хэсгийн ээлжит хуралдааны шийдвэрүүдийг авч хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх асуудлын талаар ярилцав.
Хуралдаанаар “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулах тухай хоёр орны Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийг шинэчлэх асуудлыг түргэвчилж энэ оны эцэс гэхэд шийдвэрлэхээр боллоо. Түүнчлэн Монголын талаас тавьсан ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Монголын ачаа тээвэрлэлтэд тарифын урт хугацааны хөнгөлөлт үзүүлэх, “УБТЗ” ХНН-ийн бүтцийн шинэчлэлтийг хийх, түүний дүрмийн санг 250 сая доллараар нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцээ хийх, “Оросын төмөр зам” ХНН-ээс галт тэрэгний тасалбарын үнийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг асуудлыг судалж үзэхээр болов.
Мөн Ураны ордыг ашиглах талаар хоёр улсын Засгийн газрын хамтарсан “Дорнод уран” компани байгуулах тухай хэлэлцээрийг ажил хэрэг болгох, үйл ажиллагааг түргэтгэх, “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компанийн үйл ажиллагааг өргөтгөх, үр ашгийг дээшлүүлэх, ОХУ-аас Монголд нийлүүлж байгаа газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар, төмөр замын тарифыг бууруулах чиглэлээр яриа хэлэлцээрийг эрчимжүүлэх, Монголоос амьд мал, мах махан бүтээгдэхүүн экспортлох хэмжээг нэмэгдүүлэх, гоц халдварт өвчнөөс сэргийлэх, манай улсын мал сүргийг эрүүлжүүлэх талаар хамтран ажиллахаар болжээ.
Э.ТӨР