УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хаврын чуулганаар хийсэн ажлын тайланг
дарга Б.Батбаяр, гишүүн Г.Баярсайхан, Н.Ганбямба нар өчигдөр сэтгүүлчдэд танилцуулав. Энэ хугацаанд тус Байнгын хороо 10 гаруй удаа хуралджээ. “Ус” үндэсний, “Монгол мал” хөтөлбөр, Агаарын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Агаарын төлбөрийн тухай хууль зэргийг боловсруулж хэлэлцэхэд мэргэжлийн Байнгын хорооны хувьд анхаарч ажиллажээ. Мөн “Бороо гоулд” ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн байна.
Өвөл болохоор л санадаг, бусад үед нь мартдаг агаарын бохирдлын эсрэг хууль, эрх зүйн шинэчилсэн орчин бүрдсэн аж. Нийслэлийн агаарын бохирдлын дийлэнх хувийг гэр хорооллын өрхүүдийн түлж буй нүүрсний хорт утаа үүсгэдэг. Гэсэн атлаа “хэргийн эзэд” агаар бохирдуулсны төлбөр төлөхгүй. Тэгвэл гэр хороололд амьжиргаагаа арай ядан залгуулж буй айл олон. Тиймээс агаарын төлбөр нэхээд ч, хууль батлаад ч хэрэгжихгүй. Хамгийн гол нь өрхийн амьжиргаа нь тааруухан байгаа иргэдээ гэмтэй ч гэсэн төлбөрийн “ял” үүрүүлэх боломжгүй нь гэж төсөл санаачлагчид үзжээ. Тэгэхээр Агаарын төлбөрийн тухай хуулийн дагуу нүүрс олборлогчид, нам даралтын зуух ашигладаг байгууллагууд, цахилгаан станцууд төлбөр төлөх нь.
Мөн “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд малчдын амьжиргааг дэмжих, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхийг
зорьжээ. Нэг кг сүү тутамд 200-300 төгрөг, маханд 500 төгрөгийн татаас олгоно. Ингэснээр орон нутагт мах, сүү боловсруулах үйлдвэр бий болно гэж тооцжээ. Мөн дотоодын хэрэгцээгээ хангах боломж бүрдэх юм байна.
Хаврын чуулганы завсарлагаанаар уг Байнгын хороо Бэлчээрийн, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн, Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцүүлэхээр ажиллах нь.
С.УУЛ