ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Казахстанд төрийн айлчлал хийж Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай нь яриа хэлэлцээ хийж, Украин, Сирийн асуудлыг ч хөндөх аж.Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд хоёр удирдагч, түлхүү анхаарах бололтой байна. Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ерөнхий сайдын орлогч Игорь Шувалов, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков, Эрчим хүчний сайд Александр Новак, Тээврийн сайд Максим Соколов, Эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкаев, Казахстанд суугаа Элчин сайд Михаил Бочарников, Батлан хамгаалахын дэд сайд Юрий Борисов, “Росатом”-ын тэргүүн Сергей Кириенко нар орох аж.Айлчлалын эцэст Каспийн тэнгисийн умард хэсгийн ёроолыг зааглах тухай хэлэлцээрийн протоколд өөрчлөлт оруулах тухай, пуужин харвах, харилцан ажиллах журмын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, нисэх хүчин эрэл хийх, аврах салбарт хамтран ажиллах тухай гэсэн гурван баримт бичигт гарын үсэг зурах юм байна.
Өнгөрсөн оны дүнгээр хоёр талын бараа эргэлт 10.5 хувиар буурч 21.1 тэрбум ам.доллар болсон аж. Тэгэхдээ Оросоос Казахстанд нийлүүлэх хэмжээ 9.8 хувиар өсөж, Казахстаных 2.5 хувиар багасчээ. Харин энэ оны эхний долоон сард бараа эргэлтийг рублиэр тооцсон үзүүлэлт 23 хувиар (537.9 тэрбум рубль) нэмэгдсэн байна.Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд түлш, эрчим хүчний салбар гол байр эзэлж буй. Казахстаны нефтийг гадагш гаргах гол дамжуулагч нь Орос юм.
Өндөр технологийн салбарт хорших нь ялангуяа атомын эрчим хүчний салбарт өргөжиж байна.Казахстаны нутаг дэвсгэрт байгуулсан сансрын хөлгийн “Байконур” цогцолборыг Орос түрээсээр ашигладаг юм. Ашиглах хугацааг өнгөрсөн онд 2050 он хүртэл сунгажээ. Металл боловсруулах, олборлох, химийн болон хөнгөн, мод боловсруулах, машин үйлдвэрлэл, эрүүл мэндийн салбарт хамтарсан үйлдвэр байгуулах, үүгээрээ гурав дахь орны зах зээлд гарах боломжийг Орос, Казахстан улсууд судалж буй аж.