Саудын Арабын тэргүүлсэн Арабын орнуудын эвслийн Агаарын цэргийн хүчин өнгөрсөн бямба гаригт эндүүрч Йемений армийн цэргийн лагерьт цохилт өгснөөс 30 хүн амиа алдаж, 40 хүн шархаджээ. Мөн эндүүрснээс хуримын 15 зочин амь үрэгдэж, 25 хүн шархадсан явдал энэ сарын 8-нд гарсан юм. Есдүгээр сарын 28-нд бас л хурим хийж байсан хүмүүс энэ эвслийн цохилтод өртөж 130 гаруй хүний амь үрэгджээ. Түүнээс гадна тус эвслийн онгоцууд эмнэлгийн 15 байгууллагад ихээхэн хохирол учруулсан аж. Йемений эрх баригчид хийгээд босогчид хоорондын тэмцэл 2014 оны наймдугаар сараас хурцадсан байна. Тиймээс Йемений Ерөнхийлөгчийн хүсэлтээр гуравдугаар сарын 25-наас Саудын Араб улс Бахрейн, Катар, Кувейт, Арабын нэгдсэн Эмиратын нисэх хүчний дэмжлэгтэйгээр босогчдод цохилт өгч эхэлсэн юм. Энэ эвсэлд сүүлд нь Египет, Иордан, Марокко, Судан улсууд нэгдсэн. Энэ оны гуравдугаар сарын 26-наас хойш энд 2355 хүний амь үрэгдэж, 4862 хүн шархдаад байгаа аж.