”Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч, хатагтай Пак Гын Хетэй хэлэлцээ хийснийхээ дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа Умард Солонгосыг цөмийн зэвсэгтэй улс болохыг бид зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн байна. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгож, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэхийг Пхеньянаас шаардана гэж тэрбээр хэлжээ. Цөмийн болон пуужингийн хөтөлбөр нь олон улсаас хөндийрүүлснээс өөр юу ч Умард Солонгост өгөөгүй гэж тэр дүгнэсэн аж.Өөрийн холбоотон Өмнөд Солонгосын өмнө АНУ-ын хүлээсэн үүргийг Обама нотлоод, Умард Солонгосын зүгээс гаргасан аливаа өдөөн хатгалгад хоёр улс шийдвэртэй хариу барих болно гэж Обама хэллээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе ч Умард Солонгосын өдөөн хатгалгыг Хятад, Япон, Орос оролцсон олон улсын хамтын нийгэмлэг таслан зогсооход бид хүчин чармайлтаа гаргана гэж хэлжээ. Талууд сансрын салбарт хамтран ажиллахад онцгой анхаарна гэж тэрбээр мэдэгдсэн байна. Түүнчлэн Америк, Өмнөд Солонгос улсууд дүрвэгчдэд туслах, цөмийн аюулгүй байдлыг сахих, цаг уурын өөрчлөлт, хэт даврах үзлийн илрэлтэй хамтран тэмцэхээр төлөвлөж буй аж. Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх гэж буй Дональд Трамп Сөүл, Берлин, Токиог “хоолны савнууд” гэж нэрлээд тэднийг хамгаалахад АНУ их хөрөнгө зарж байдаг гэж мэдэгдсэн удаатай.