БНХАУ-ын дарга Си Зиньпин дөрвөн өдрийн айлчлал хийхээр гэргий Пэн Лиюанийн хамт өчигдөр Их Британийг зорив. Энэ нь Ху Жиньтао 2005 онд ирснээс хойш сүүлийн арван жилд Хятадын удирдагч Нэгдсэн вант улсад хийж буй анхны айлчлал болж байна. Тэгвэл Английн ханхүү Уильям энэ оны гуравдугаар сард Хятадад зочилсон нь сүүлийн 30 жилд Британийн хатан хааны гэр бүлийн гишүүдээс тус оронд ирсэн өндөр албаны анхны хүн болсон юм.
Хатан хаан II Элизабета, түүний нөхөр Эдинбургийн герцог Филипп нар Хятадад 1986 онд морилж байжээ. Си Зиньпин тэргүүтэй Хятадын төлөөлөгчид даваа гаригийн орой Лондон хотод ирж 23-ны өдөр хүртэл байхдаа Букингемийн ордонд байрлах аж. Хатан хаан тэдэнд гүн хүндэтгэл үзүүлэх бололтой.Айлчлалын албан ёсны хөтөлбөр өнөөдөр эхэлнэ. Үүний хүрээнд Хятадын удирдагч, гэргийн хамт Нийтийн болон Лордуудын танхимын тэргүүн нартай уулзана. Мөн Британийн сөрөг хүчний тэргүүн Жереми Корбин Хятадын удирдагчид бараалхаж, хоёр талын албан ёсны уулзалт маргааш нь Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарын хооронд болох юм байна. Тэд бас хоёр талын бизнесийн дээд хэмжээний уулзалтад оролцоно. Уулзалтын үеэр хөрөнгө оруулалт, дэд бүтэц, худалдаанд голлон анхаарч ярилцахаар төлөвлөжээ.