Умард Солонгостой энхийн хэлэлцээр байгуулахаар яриа хөөрөө хийхийг АНУ сонирхохгүй байна гэж Америкийн тал мэдэгдэв. Энхтайван, аюулгүй байдлын асуудлаар даацтай яриа өрнүүлж, АНУ зөвшөөрвөл энхийн хэлэлцээр байгуулахад бэлэн гэж Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ли Су Ён урьд нь мэдэгдэж байсан юм. АНУ 28 мянган цэргээ Өмнөд Солонгост байрлуулчихаад энхийн хэлэлцээрт гарын үсэг зурах асуудлыг хөндөхөөс ч татгалзсаар байгаа билээ.
Бид энхийн хэлэлцээрийг биш цөмийн зэвсгийн асуудлыг л сонирхож байна гэж Америкийн төлөөлөгч Сон Ким хэлснийг Ренхап агентлаг иш татсан байна. Цөмийн зэвсгийг тэглэх асуудлыг л АНУ зарчмын хувьд сонирхоно гэж тэрбээр нэмж хэлжээ. Умард Солонгос өөрийгөө 2005 онд цөмийн гүрэн хэмээн зарлаж, 2006, 2009, 2013 онд газар дор цөмийн туршилт хийсэн юм. ОХУ, АНУ, БНХАУ, Япон, Өмнөд, Умард Солонгос оролцсон зургаан талт хэлэлцээрээс Пхеньян 2009 онд гарсан. Умард Солонгосын эрх баригчид одоо цөмийн дөрөв дэх туршилтаа хийхээр зэхэж байна гэсэн мэдээлэл байна. Уг нь сүүлийн хоёр жилд баллистик пуужин хөөргөөд цөмийн туршилт хийхгүй байсан юм.