ОХУ-ын буддын шашинтнуудын эрх мэдлийн төлөөх маргаан хэрээс хэтэрч, хэн нэгнээ матан бариулдаг болж иржээ.
Тус улсад хувь хүний шашин шүтэх эрхийг Үндсэн хуулиараа батлан хамгаалсан байдаг ч сүүлийн үед цагдаа, тагнуул гэсэн тусгай албаныхан буддын шашны сүм хийдийн дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, алс холын Түвд орноос ирсэн хувилгаан ламыг улс орноосоо хөөн гаргасан байна.
ОХУ-ын Тува, Буриадад 11 жил бурхны шашны ном зааж, олон мянган шавьтай болсон Шивалха Ренбүүчиг ОХУ-ын Аюулгүй байдлын албанаас улс орноосоо албадан гаргах шийдвэр гаргажээ. Албан ёсоор шалтгаанаа тайлбарлаагүй ч түүнийг үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзсэн аж.
Буддын шашин ОХУ-д түгэн дэлгэрэх нь тус улсын дарга даамал нарт хамаа байхгүй ч агуу их өмнөд хөрш Хятадын хувьд тун аюултай зүйл бололтой. Барууны орнуудын эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас хямралд ороод буй ОХУ-ын хувьд хямралаас гарах ганц арга нь Хятад болоод байгаа билээ.
Хятад улстай ган бат найрамдлаа бэхжүүлж, эдийн засгийн байдлаа сайжруулах гэсэн ОХУ-ын Засгийн газар ийнхүү жирийн шүтлэгтнүүдийн эрх чөлөөнд халдаж эхэлсэн байна.
Шивалха Ренбүүчигийн Москва дахь төвийн төлөөлөгч Елена Лохнина “Багшийг албадан гаргах бичгийг бид Тувагийн аюулгүй байдлын албанаас есдүгээр сарын 23-нд хүлээн авсан. Түүнийг туслах Лобсанг Тсерингийн хамт 15 хоногийн дотор ОХУ-ын нутаг дэвсгэрээс гарч явахыг тушаасан.
Тэр ч байтугай ОХУ-д оршин суух зөвшөөрлийг нь цуцалж, дахин ирэхийг нь хориглосон” гэж “Ы” сэтгүүлд ярилцлага өгөхдөө хэлжээ.
Буддын шашин бол христос, лал, иудизмын адил ОХУ-ын уламжлалт шашинд тооцогддог. Бурхны шашныг Буриад, Халимаг, Тувад шүтэн биширч, Москва, Санкт-Петербург зэрэг хотод буддын шашны сүм хийд үйл ажиллагаа явуулдаг.
Шивалха Ренбүүчи (жинхэнэ нэр Лобсанг Геле) 1967 оны хоёрдугаар сарын 15-нд Түвдэд төржээ. Тувагийн анхны ерөнхийлөгч Шериг-оол Ооржак XIV Далай ламд бараалхахдаа буддын шашны багш илгээхийг хүссэнээр 2008 оноос Тувад ирж, ном зааж байгаа аж.
2012 онд тэрбээр Тувагийн ард иргэдийн боловсролд оруулсан хувь нэмэр нь үнэлэгдэн, ерөнхийлөгч Шолбан Кара-оолын нэрэмжит хүндэт жуух бичгээр шагнагдаж байлаа. Мөн Тувагийн иргэдийг хар тамхи, архинаас гаргах үйл хэрэгт идэвхтэй зүтгэн, Тувагийн дээд хурлаас ч үнэлэгдэж байжээ.
Яагаад түүнийг гэнэт хөөх болов? Энэ асуулт одоо ч тодорхой хариу байхгүй хэвээр байна. Яагаад жирийн нэг түвд лам улс орны аюулгүй байдалд заналхийлдэг билээ? Хэвлэл мэдээллээс үзвэл Тувагийн ерөнхийлөгч Шолбан Кара-оол саад хийх гэж оролдоод эрх мэдэл нь дутсан аж. Тийм болохоор түвд лам нарыг хөөх асуудал их дээрээс шидсэн чулуу болох нь тодорхой.
Шивалха Ренбүүчийг албадан гаргах шийдвэрийг эсэргүүцсэн ОХУ-ын буддын шашинтнууд Тувагийн шүүхэд давж заалдах өргөдөл гаргаад, хэрэв бүтэхгүй бол Ерөнхийлөгч В.Путинд өргөх бичиг барихаар шийдсэн гэнэ.
Одоогийн байдлаар тэд арван мянган хүний гарын үсэг цуглуулж, Орост буддын шашин хөгжихөд Шивалха Ренбүүчигийн оруулсан хувь нэмрийг тайлбарлан сурталчилж байна. Харин түвд ламтан шүүхийн шийдвэрийг хүлээлгүй Энэтхэгт очоод байгаа гэнэ. Шашин нэгтнийг нь хөөж байхад Оросын бурхан шашинтны гол удирдлага болох “Буддын уламжлалт сангхи” байгууллага түүний төлөө тэмцэх ямар ч хүсэлгүй байгаа нь хачирхалтай.
Тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Борис Балданов “Шивалха Ренбүүчи бидэнд огт хамаагүй. Тэр бие даасан хүн” гэж мэдэгдсэн юм. Тувагийн буддын шашинтны холбоо ч энэ талаар албан ёсны мэдэгдэл хийсэнгүй. Харин Санкт-Петербургийн “Гунзэчойнэй” дацангийн тэргүүн лам Б.Бадмаев “Бид юу болоод байгааг судалж, нягталж байна.
Хэрэв түүнийг хэлмэгдүүлсэн бол Шивалха Ренбүүчиг дэмжинэ. Гэхдээ улс төрийн ямар нэгэн шалтгаанаар түүнийг хөөж байгаа гэдэг эргэлзээтэй. Зөвлөлтийн үеийн КГБ л хүмүүсийг хэлмэгдүүлдэг байсан. Одоо бол тусгай албад ямар ч үндэслэлгүй хүнийг буруутгахгүй.
Миний бодлоор Шивалха Ренбүүчи болгоомжгүй ямар нэг юм ярьсан уу, эсвэл гадаад иргэд оршин суух дүрмийг зөрчсөн байх” гэж ярьжээ. Тэгвэл улс төр судлаач Мария Минчева энэ бүхэнд хятадууд буруутай гэж үзэж байна.
Тэрбээр “XIV Далай лам Уйгар, Түвдийн салан тусгаарлагчдыг дэмждэг гэж хятадууд үздэг. Сүүлийн үед ОХУ Хятадтай хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна. Хятадууд бидэнтэй хамтран ажиллах гэж байгаа бол түвдүүдийг хөөж гарга гэж тулгасан байх магадлалтай” гэжээ. Далай ламын ОХУ дахь төлөөлөгч Тэло Тулку Ринпоче ч энэ үгийг хүлээн зөвшөөрч байгаа аж.
Хятадын нөлөө байхгүй байлаа ч Шивалха Ренбүүчи Оросын буддын шашинтан хоорондын эрх мэдлийн төлөөх тулааны золиос болсон байх магадлалтай. Буддын шашинтнууд нэгэн захиргаанд оролгүй, тус тусдаа бие дааж байгаа нь тусгай албадад таалагдаагүй байж болох.
Дээрхийн гэгээнтэн Далай лам саяхан өөрийн Орос дахь төлөөлөгчөөр Халимагийн ламыг томилсон нь Буриадын лам нарын уурыг хүргэсэн. Учир нь ОХУ-д Буриадын тэргүүн лам буддын шашны тэргүүн болдог уламжлалтай байсан. Мөн түвд лам нар их нөлөөтэй болж ирсэн нь буриад лам нарын дургүйг хүргэсэн ч байж болох.
Шивалха Ренбүүчи Энэтхэг явахынхаа өмнө “Новый известия” сонинд ярилцлага өгөхдөө цагдаа нар дхарма гэдэг ойлголтыг битгий хэрэглэ гэж тушаасан гэж ярьсан. Яагаад дхарма гэдэг үг Оросын тусгай албанд тийм аюултай санагдсаныг тайлбарлахад бэрх. Дхарма гэдэг нь үгчилбэл “ном” гэсэн утгатай бөгөөд энэ ойлголт нь бурханы сургаалд ерөнхийдөө гурван санааг илэрхийлдэг.
Yүнд: нэгдүгээрт, дэлхий ертөнцийн бүхий л юмс үзэгдлийг бүрдүүлэгч нэгж, хамгийн өчүүхэн хэсгийг нэрлэх, хоёрдугаарт, Бурханы сургаал, бурхан багшийн номлолыг дхарма гэж нэрлэх ба гуравдугаарт, Бурхан багшийн биеийг дхарма буюу ном гэж нэрлэх ажээ. Ерөнхийдөө бурхан багшийн айлдсан номыг бүхэлд нь Дхарма хэмээн нэрлэх явдал байдаг.
Хууль зөрчсөн ямар ч зүйл байхгүй гэдгийг харж байгаа байх. Өнгөрсөн жил ОХУ-ын иргэн болох хүсэлт гаргаад байсан Шивалха Ренбүүчигийн өмгөөлөгч Роман Степанов “Буддын лам нарыг цагдаа нар шалгах явдал урьд өмнө гарч байгаагүй.
Бурхны шашинтнууд үзэл суртлын ажил хийдэггүй, хэнийг ч элсүүлэх гэж оролддоггүй. Шивалха Ренбүүчи нийгмийн тусын тулд олон ажил хийсэн хүн. Багш Орост байхгүй байлаа ч манай өмгөөлөгч, хуульч нар шүүхэд заргалдах болно” гэж ярьж байна.
Яагаад тэднийг албадан гаргасан талаар Хятадын хэвлэл мэдээллээр олон янзын таамаглал гарсан ч бүгд салан тусгаарлагч Далай ламын эсрэг Хятадын Засгийн газраас явуулж буй бодлогыг Орос улс дэмжиж байгаагаа харууллаа гэдэгтэй санал нэг байна.
“South China Insight” сонинд “Манай хуучин нутаг болох бяцхан Тувад Далай ламын талынхан Түвдийн тусгаар тогтнолын талаар суртал ухуулга хийдэг байжээ. Үүнээс болж Хятад, Орос гэсэн их гүрнүүд муудалцах үе ч байлаа. Далай ламын нөлөө Орост хэт их болсноос бурхны шашинтнууд тэнд Далай ламын хойд дүрийг тодруулах гэж зүтгэж эхэлсэн.
Харин Оросын цагдаа нар сонор сэрэмжтэй ажилласны дүнд тэднийг зогсоолоо” гэсэн бол Хятадын сэтгүүлчид “Их Монгол Улс байгуулан, Туваг нэгтгэх гэсэн хөдөлгөөн үүссэн тул тэднийг хөөн гаргахаас өөр аргагүй болсон. Оросын Засгийн газар Туваг Чечень шиг болох нь гэж түгшсэн.
Хоосон чанар, хойд нас гэж ярихын оронд тэд Их Монгол Улс гэж сурталчилдаг байлаа. Энэ хэрэгт япончууд ч оролцсон байж магадгүй. Эсвэл тэд Америкийн ямар нэг байгууллагатай холбоо тогтоож байж, хар дансанд орсон байх” гэж бичиж байна.
М.СУГАР-ЭРДЭНЭ