Боливын Ерөнхийлөгч Эво Моралес тус орныг хамгийн урт хугацаагаар тэргүүлж буй хүн болжээ. Тэрбээр энэ албанд есөн жил, есөн сар болж байгаа юм байна. Түүнээс өмнө маршал Андрес де Санта Крус Боливийн Ерөнхийлөгчөөр 1829 оны тавдугаар сарын 24-нөөс 1939 оны хоёрдугаар сарын 17-нд ажилласан нь Моралесийн дараа орох “амжилт” гэнэ. Моралесийг Ерөнхийлөгч байгаа үед Засгийн газар нь 2005 онд 1.7 тэрбум доллар байсан валютын нөөцөө энэ онд 15 тэрбум доллар болгож, ДНБ-ээ энэ хугацаанд 33 тэрбум долларт хүргэн, ядуурлын түвшингээс доогуур амьдралтай хүний тоо 38 хувь байсныг 17 хувь болгон бууруулж, бичиг үсэг үл мэдэх явдлыг устгасан амжилт олжээ.
Боливийг бүрмөсөн чөлөөлөхийн төлөө тэмцлээ бүх хүчээр үргэлжлүүлнэ гэж Моралес хэлсэн байна. Одоогийн Ерөнхийлөгчийг дахин сонгогдох боломж олгосон заалтыг Боливийн Парламент есдүгээр сарын сүүлчээр Үндсэн хуульдаа оруулжээ. Энэ үйлдлийг сөрөг хүчин нь эрс шүүмжилсэн аж. Уг нь нэг хүн Ерөнхийлөгчөөр дараалан хоёр удаа л сонгогдохыг зөвшөөрдөг байж. Уугуул индиан хүн амын төлөөлөл болж тус орны түүхэнд анх удаа Ерөнхийлөгч болсон Эво Моралес 2005 оны арванхоёрдугаар сард болсон сонгуульд ялалт байгуулжээ. Дараа нь 2009, 2014 онд хоёр удаа сонгогджээ. Өөр Үндсэн хууль мөрдөж байх үед Моралес анх Ерөнхийлөгчид сонгогдсон болохоор энэ явдлыг хууль зөрчөөгүй гэж Үндсэн хуулийн шүүх нь үзсэн аж.