АНУ-ын ТТГ-ын захирал Жон Бреннаны цахим шуудангийн хайрцагнаас хулгайлж авсан мэдээллээ Wikileaks олны хүртээл болгож эхэлжээ. Эхнийхийг нь интернэт сайтад өчигдөр байрлуулсан байна. Иранд улс төрийн хүчийг тараан байрлуулах тухай 2007 оны материал эдгээр дотор байгаа бөгөөд “Ираны шатрын хөлөг дээр хэрхэн тоглохыг” АНУ-ын Ерөнхийлөгчид санал болгосон тэмдэглэл энд бий аж. Алан хядах ажиллагаанд оролцсон гэх сэжигтнүүдийг байцаах аргын талаар бусад баримтад нь дурдсан байна. Америкийн тагнуулын байгууллагын тэргүүний цахим шууданд ирсэн захидал гарт нь орсныг Wikileaks урьд нь зарлаж байжээ. Түүнийг олон түмэнд сонордуулна гэдгээ ч амласан аж. Америкийн дунд сургуулийн ахлах ангийн нэг сурагч Бреннаны нууц мэдээллийг олж авах боломжтой болжээ гэж өнгөрсөн даваа гаригт мэдээлсэн байна. Түүнд ТТГ-ын даргын албаны үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл ч байсан бололтой.