Ромын хамба лам Францискийн тархинд том биш хавдар байгааг илрүүлжээ гэх хэвлэлийн мэдээллийг Ватикан няцаажээ. Энэ долоо хоногийн лхагва гаригт “Quotidiano Nazionаle” сонинд нийтлэгдсэн өгүүлэлд “Хамбын тархинд хавдар байгаа бөгөөд эмчлэгдэх боломжтой. Хамба Японы эмчтэй уулзахаар нисдэг тэргээр Тоскан хэмээх жижиг хотод очсон” гэж бичсэн юм байна. Есдүгээр сарын эцсээр хамба доголж эхэлсэн гэнэ. Тэрбээр нурууны өвчнөөр шаналж байдаг, бас өвдөг нь “явдалтай” ч Католик шашинтны тэргүүн өөр ноцтой өвчин гэхээр юмгүй гэж Ватиканы төлөөлөгч Томас Росики хэлсэн аж. Франциск нь Ромын 266 дахь тэргүүн хамба лам юм. Түүнийг 2013 оны гуравдугаар сард энэ албанд сонгосон. Тэрбээр Шинэ ертөнц (Буэнос-Айрест төрсөн)-өөс тодорсон анхны хамба юм.