АНУ болон түүний холбоотнууд 2003 онд Ирак руу довтолсон нь алан хядагч “Исламын улс” бүлэглэл үүсэн гарч ирэх үндсэн шалтгааны нэг болсон хэмээн 1997-2007 онд Английн Засгийн газрыг тэргүүлж байсан, Лейборист намын дарга асан Тони Блэйр Америкийн CNN теле компанид өгсөн ярилцлагадаа хүлээн зөвшөөрсөн байна. Уг ярилцлага өчигдөр цацагджээ. “2003 онд Иракийн Ерөнхийлөгч Саддам Хусейнийг суудлаас нь авч хаясан хүмүүс 2015 онд бий болоод буй нөхцөл байдлын төлөө хариуцлага хүлээх учиргүй гэж та бүхэн хэлэхгүй байлгүй” гэж тэрбээр хэлсэн аж.
Ойрхи Дорнодод лалын шашинтай улс байгуулах зорилго тавьж, Ирак, Сирийн газар нутгийн үлэмж хэсгийг хяналтдаа аваад байгаа хэт даврагч бүлэг энэ дэлхий дээр бий болсны үндсэн шалтгаан нь Ирак руу хийсэн довтолгоон мөн үү гэсэн сурвалжлагчийн асуултад хариулахдаа Тони Блэйр ийн хэлсэн байна.Тэр дайнд хийсэн алдааныхаа төлөө тэрбээр бас уучлалт хүсжээ. “Тагнуулын мэдээ ташаа байсанд би уучлалт хүсэж байна. Мөн төлөвлөхдөө алдаа гаргаж дараа нь дэглэмийг өөрчилсөндөө би бас уучлалт хүсэж байна” гэж Блэйр хэлжээ.Иракт болсон дайнд Британи оролцсон байдлыг тодруулах комиссыг 2009 онд байгуулсан юм.
Нэгдсэн вант улсын Дотоод хэргийн орлогч сайд Жон Чилкотын тэргүүлсэн тус комисс хийсэн дүгнэлтээ бий болсноосоо хойш нэг жилийн дараа олон түмний сонорт хүргэх ёстой байв. Гэтэл ирэх оноос наана энэ ажлаа хийхгүй нь бололтой.2007 онд Блэйр огцорсны нэг шалтгаан нь түүний нэр хүнд унасан явдал байлаа. Иракт өдөөсөн дайнд Англи оролцсонд олон нийт нь сэтгэл дундуур байжээ. Өрнөдийн эвсэл Ирак руу дайраад орсон чинь Саддам Хусейний дэглэм үй олноор хөнөөх зэвсэггүй байсан нь тодорхой болсон юм. Өөрсдийн үйлдсэн түрэмгийллийг зөвтгөхийн тулд Тони Блэйр болон АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш нар олон түмнийг зориуд төөрөгдөлд оруулсан тухай хожим нь Британий хэвлэлд бичсэн билээ.