Аргентинийн Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний Бүгд найрамдахчуудын санал намаас нэр дэвшсэн Маурисио Макри эхний даваанд тэргүүлж явна. Саналын хуудасны 76.6 хувийг тоолсны дараах байдлаар 35.61 хувь нь түүнийг, 35.29 хувь нь эрх баригч Ялалтын төлөө фронтоос өрсөлдөж буй Даниэль Сциолийг дэмжсэн байжээ.Ялахын тулд сонгуулийн эхний шатанд 45 хувь юм уу өрсөлдөгчөөсөө 10-аас доошгүй хувь илүүгээр 40 хувийн санал авсан байх ёстой аж. Сонгуулийн хоёр дахь шат урьдчилсан байдлаар дараа сарын 22-нд болох юм.
Буэнос-Айрес хотод эрх баригч намаас нэр дэвшигч ихээхэн доогуур буюу 24.09 хувийн санал авсан байна. Тэгвэл Макрийг эндхийн сонгогчдын 50.56 хувь дэмжсэн нь тэрбээр тус хотын захирагчаар ажилладагтай холбоотой байж болзошгүй. Тус улсад саяны ням гаригт Ерөнхийлөгчийн болон Парламентын сонгууль хамт болсон аж. Аргентинчууд Төрийн тэргүүнээсээ гадна Дэд ерөнхийлөгч, 11 мужийн амбан захирагчийг сонгох учиртай. Мөн 130 депутат, 24 сенатч, Өмнөд Америкийн нийтлэг зах зээл хэмээх Парламентад Аргентинийг төлөөлөх 43 хүнийг сонгох ёстой аж.