Өнгөрсөн ням гаригт болсон Гватемал улсын Ерөнхийлөгчийн сонгуульд баруун хүчний Үндэсний эв нэгдлийн фронтоос нэрийг нь дэвшүүлсэн Жимми Моралес итгэлтэй ялалт байгуулжээ. Тэрбээр 69 хувийн санал авсан байна.Түүний өрсөлдөгч, зүүн төвийн Итгэл найдварын үндэсний холбоог төлөөлсөн хатагтай Сандра Торрес 31.02 хувийн дэмжлэг хүлээжээ. Тэрбээр ялагдлаа хүлээсэн аж. 46 настай Моралесийг дэмжигчдийн тоо өрсөлдөгчөөс нь 1.4 сая саналаар давсан байна.
Сонгууль тайван байдалд болж өнгөрчээ. Харин сонгогчдын оролцоо муу, нэрсийн жагсаалтад байсан 7.5 сая сонгогчийн 52 хувь нь оролцсонгүй. Хошин шогийн алдартай жүжигчин гэгдэж байсан Моралес 2011 онд улс төрд хөл тавьсан аж. Тэрбээр авлигатай хайр найргүй тэмцэхээ амласан байна. Эрх мэдлийн дээд түвшинд байгаа хүмүүс нь мөрдөн шалгагдаж, Төрийн тэргүүн болон Дэд Ерөнхийлөгч байсан хүмүүс нь шүүгдэгчийн сандалд суусан тус улсын хүн амд энэ үг их сонин содон сонсогдсон байна. Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол ирэх оны нэгдүгээр сарын 14-нд болно.