Америкийн Бруклиндэд үйл ажиллагаа явуулдаг “Don Chingon” зоогийн газраар үйлчлүүлж, шеф тогооч Г.Виллаторогийнх нь санал болгосон аварга буритто буюу хавчуургатай ороомгийг идэж барсан хүнд ийм боломж олгох гэнэ. Зоогийн газрын 10 хувийг эзэмшигч болохын тулд мэдээж тодорхой шалгуурыг давах учиртай. Тодруулбал, хэд хэдэн төрлийн мах, хиам, бяслаг, шош будаа зэрэг хавчуурга болон халуун чинжүүний сүмстэй, 13 кг жинтэй ороомгийг ганц цагийн дотор идэх ёстой. Ингэхдээ ус, шүүс уухгүй. Харин хүсвэл “Маргарита” хэмээх коктейль авч болно. Тэр нь чилинээс хэдэн арав дахин халуун чанартай, “хий үзэгдэл” хэмээн алдаршсан чинжүүний орцтой гэнэ. Ингээд болоогүй, ороомог идэхээсээ өмнө “Ямар нэгэн хүндрэл гарвал “Don Chingon” зоогийн газар хариуцлага хүлээхгүй” гэсэн гэрээнд гарын үсэг зурах хэрэгтэй. Г.Виллаторогийн тавьсан эл болзлыг давж, зоогийн газрын хувьцаа эзэмшигч болох хоншоортой хүн одоогоор гараагүй байгаа гэнэ. Олон хүн уг зоогийн газрын хувьцаа эзэмшигч болохоор буритто идэж, өөрийгөө сорьсны дотор дэлхийн аварга шалгаруулах их идэгчийн тэмцээний аварга ч байжээ. Тэгэхээр мэдээж, хялбархан олдох хоол гэж байхгүй шүү дээ.