Польшийн Парламентын сонгуульд ялсан Ярослав Качиньскийн тэргүүлдэг “Хууль, шударга ёс” нам Ерөнхий сайдын суудалд хатагтай Беата Шидлогийн нэрийг дэвшүүлсэн байна. Энэ сарын 25-нд болсон сонгуульд “Хууль, шударга ёс” нам Сейм (Парламент)-ийн 460 суудлын 235-ыг авснаар олонх болж, эвсэл байгуулахгүйгээр Засгийн газраа бүрдүүлэх боломж олж авсан анхны нам болж орчин цагийн Польшийн түүхэнд бичигдэв.Польшийн Үндсэн хуулиар Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх үүргийг Төрийн тэргүүн нь хүлээдэг аж. Сайд нарын танхимын дарга нь Ерөнхийлөгчийн томилгооноос хойш 14 хоногийн дотор өөрийн тэргүүлэх Засгийн газрын бүрэлдэхүүнийг парламентдаа танилцуулна. Үүнийг нь зөвшөөрөх эсэхээ парламент нь 460 депутатынхаа олонхийн саналаар шийднэ.Албан ёсны мэдээллээр бол шинэ парламентын анхны хуралдаан ирэх сарын 10-нд болох юм байна.