Ханой хотноо энэ сарын 22-23-нд болж буй АСЕАН-ы бүсийн чуулга /ARF/-ын Сайд нарын уулзалтад оролцож байгаа Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Японы Гадаад хэргийн сайд К.Окада, ЕХ-ны төлөөлөгчдийг тэргүүлж буй Унгар улсын Гадаад хэргийн сайд Мартоны Янош нартай тус тус уулзаж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Гадаад харилцааны сайд Японы Гадаад хэргийн сайд ноён К.Окадад Гадаад хэргийн сайдаар улиран томилогдсонд нь баяр хүргээд Монгол, Японы Иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, шинэ шатанд ахиулан хөгжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа тэмдэглэв.
Уулзалтын үеэр хоёр тал нүүрс, ураны салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхлоо харилцан илэрхийлж, энэ чиглэлээр хамтарч ажиллахаар тохиров. Монголын тал Япон улсаас үзүүлж буй хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд одоо хэрэгжүүлж эхлээд байгаа шинэ нисэх онгоцны буудлын төслийн дараагийн томоохон төслийг судалж ажиллахыг японы талд санал болгов.
Мөн хоёр тал ойрын хугацаанд хэрэгжүүлэх дээд, өндөр хэмжээний айлчлалын бэлтгэл, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг хоёр талын харилцааны асуудлаас гадна бүс нутгийн өнөөгийн байдал, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын төгсгөлд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Эрхэмсэг ноён К.Окадаг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсныг ноён К.Окада талархан хүлээн авав. Гадаад харилцааны сайд БНУнгар улсын Гадаад хэргийн сайд Мартоны Яноштай уулзахдаа Монгол, Унгарын уламжлалт, найрсаг харилцаа шинэ агуулга, хэлбэрээр баяжиж, урагшлан хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд, Монгол Улс ЕХ-ны нийгэм, эдийн засгийн салбарт мөрдөгдөж буй зарчим, хэм хэмжээ, стандартыг нэвтрүүлэхийг зорьж байгаа бөгөөд ЕХ-ны гишүүн Унгар улстай энэ чиглэлээр хамтран ажиллахын төлөө байгаагаа онцлов.
Монгол, Унгарын түүх, соёлын хэлхээ холбоог сурталчлах хүрээнд Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойг тэмдэглэх чиглэлээр хамтран ажиллах саналыг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар тавьжээ.