ОХУ-ын сансрын агентлаг “Сар-2015” төсөл хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд 22-34 насны зургаан бүсгүйг сонгон бэлтгэж байгаа бөгөөд тэд Эрүүл мэнд, биологийн асуудлын институтэд тусгайлан байгуулсан “хөлөгт” нисэх үеийн сэтгэлзүйн туршилтад орж, дэлхийгээс хөөрөлгүй саран дээр “очоод” хэдэн өдөр болжээ. Туршилтыг эмч, мэргэжилтэн, судлаач 30 хүн хянаж буй. Гадаад орчноос бүрэн тусгаарлагдсан зургаан гишүүн туршилтын хугацаанд нүүрэндээ энгэсэг түрхэж, будаж, гоодох хориотой. Мөн эрчүүдийн талаарх бодлоо “таягдан” хаях ёстой зэрэг янз бүрийн журам мөрдөнө. Энэ талаар Анна Куссмауль “нисэхийнхээ” өмнө сэтгүүлчдэд ярьсан байна.