Сирийн байдлыг зохицуулах асуудлаар Вена хотод болсон уулзалтын дүнгээрх албан мэдээнд өгүүлснээс үзвэл алан хядагч “Исламын улс” бүлэглэлийг бүрэн устгах талаар санал нэгдсэн байна. Уулзалтад Орос, Америк, Саудын Араб, Турк, Ирак, Итали, Египет, Англи, Герман, Ливан, Катар, Иран, Франц, Хятад, Арабын нэгдсэн Эмират, Иордани, Оман улсын төлөөлөгчид болон Европын холбооны Гадаад бодлогын байгууллагын тэргүүн Федерика Могерини, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудлаарх тусгай элч Стаффан де Мистура нар оролцжээ. Бараг бүх улсыг Гадаад хэргийн сайдын түвшний хүмүүс төлөөлж, ганц Хятадын төлөөлөгчдийг л Гадаад хэргийн дэд сайд Ли Баодун тэргүүлсэн аж.
Улс төрийн үйл явцыг гүнзгийрүүлэхийн тулд 2012 оны Женевийн албан мэдээ, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2119 тогтоолын дагуу Сирийн Засгийн газрын болон сөрөг хүчнийх нь төлөөлөгчдийг урихыг тус уулзалтад оролцогчид НҮБ-д санал болгоод, Сирийн Үндсэн хуулийг шинэчлэх, сонгууль явуулах нь зүйтэй гэж үзэв.
Уг сонгуулийг тунгалаг байх олон улсын өндөр стандартад нийцүүлэхийн тулд бүх сиричүүд, түүний дотор хилийн чанадад байгаа сири хүмүүсийг оролцуулан НҮБ-ын ажиглалт дор явуулах ёстой гэж албан мэдээнд бичжээ. Түүнчлэн Сирийн бүх нутаг дэвсгэр дээр хүмүүнлэг ёсыг сахиж, төрийн бүтцийн халдашгүй байдлыг сахихыг чухалчилсан байна. Сири нь нэгдмэл улс хэвээр үлдэх ёстой бөгөөд үндэстэн, шашны бүлгүүдийн эрхийг хангах ёстой хэмээн энэ баримт бичигт заажээ. Мөн Сирийн зөрчлийг намжаахад дипломат хүчин чармайлтыг идэвхжүүлэх шаардлагатай болохыг албан мэдээнд онцолсон байна.