Осолдсон А-321 онгоцны “хэргийг” хамтарч мөрдөн шалгахаар Орос, Египет улс харилцан тохирсон бөгөөд шаардлагатай баримтыг бүрдүүлэхэд Каир туслахаар боллоо гэж өчигдөр шөнө Оросын Тээврийн яам мэдээллээ. Агаарын тээвэр эрхэлдэг “Когалымавиа” компанийн Airbus-321 онгоц саяны бямба гаригт Египетийн Шарм-эш-Шеих хотоос Оросын Санкт-Петербург рүү нисэж яваад Синаин хойгт осолдсон юм. Түүнд явсан 217 зорчигч, багийн долоон гишүүн бүгд амь үрэгджээ. Ерөнхийлөгчийн шийдвэрээр Оросын Засгийн газар Тээврийн сайд Максим Соколовоор удирдуулсан комисс байгуулж, Онцгой байдлын яам болон Росавиа компанийн тэргүүн нар хэсэг мөрдөн байцаагчийн хамт бямба гаригт Каирт очсон байна.Соколовын удирдсан комиссын гишүүд Каирт ирмэгцээ нисэх онгоцны буудал дээр Египетийн холбогдох хүмүүстэй уулзаж үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулжээ.
Ослын шалтгааныг ойрын хугацаанд тодруулахад шаардагдах бүхий л баримтыг олж авахад нь оросуудад египетчүүд боломжтой бүх тусламж үзүүлж байгаа аж. Уг ажилд Оросын Тээврийн хяналтын газар, Хөдөлмөр, Эрүүл мэндийн, Батлан хамгаалах, Гадаад хэргийн яамд болон Египетэд суугаа ЭСЯ, Аялал жуулчлалын байгууллагуудын холбоо, Ростуризм хамтран оролцож буй юм байна.ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ослоор амиа алдагсад болон тэдний гэр бүлийнхэн, ойр дотныхонд нь эмгэнэл илэрхийлж зарлиг гарган энэ сарын 1-нийг гашуудлын өдөр болгов. Амь үрэгдэгсдийн бараг бүгдийнх нь цогцсыг Каирт авчирчээ. Осолдсон онгоцны хоёр хар хайрцгийг олсныг Египетийн Иргэний нисэхийн сайд Хусам Камаль мэдээлсэн байна.