Ертөнцийн хаа нэгтээд тантай хачин адилхан хүн байгаа гэдэгт итгэдэг үү. Өөр улсад явж байгаад нутгийн танилтайгаа таараад мэндэлтэл нөгөөх нь монгол биш байж таарсан тухай цөөнгүй хүнээс сонсож байсан. Тэгвэл эл зураг дээрх хоёр хүн тийм “төөрсөн” ихэр аж. 32 настай Нил Дуглас, 35-тай Роберт Стирлинг нар бие биенээ анх онгоцонд харжээ. Тэдний суудал зэргэлдээ байж таарсан гэнэ. Нилийн хажууд хэн нэгэн зогсоод тасалбараа үзүүлж “Та суудлаа андуураагүй биз. Бид хоёрынх солигдсон юм шиг байна” гэжээ. Тэрбээр суудлаа андуурч сууснаа мэдээд “Уучлаарай” гээд бостол өмнө нь өөр нэгэн “Дуглас” зогсож байхыг хараад эхлээд нүдэндээ итгээгүй аж. Нөгөөх хүн ч түүнийг харснаа зогтусаж, нэг алхам ухраад нүдээ том болгон харжээ. Ингэж “ихэр” ах дүүс уулзсан аж. Ирланд руу нисэх замдаа тэд танилцан, гэр бүлийнхээ талаараа ярилцаж, ямар ч цусан төрөл биш болохоо мэдсэн ч, хуурай ах дүүс болцгоожээ.