ХКН-ын Төв хороо V бүгд хурлаас Хүүхэд төрүүлэхийг хязгаарлах бодлогыг өөрчилж, хятад гэр бүлүүд хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрөх тухай шийдвэр өнгөрсөн сарын 29-нд гаргав.
“Нэг өрх-нэг хүүхэд” баримтлалыг Хятадад 1970-аад онд баталсан байна. Мао дарга нь үүнийг эсэргүүцэж, “Бид олуулаа болох тусам хүчтэй” гэж хэлдэг байж. Хятадын эдийн засгийн өөрчлөлтийн бодлогыг санаачлагч гэгддэг Дэн Сяопин харин Маог нас барсны дараа хүн амын өсөлтийг хязгаарлах бодлого мөрдүүлж эхэлсэн байна. Тэгэхдээ энэ хууль Хятадын үндэстэн ястан бүрт тэгш үйлчилж байсангүй, тоо нь 100 мянгаас хэтрээгүй бага ястныг заавал ганц хүүхэдтэй бай гэдэггүй байж.
2013 онд энэ бодлогоо зөөлрүүлж эцэг, эх аль нэг нь айлын ганц хүүхэд бол хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрчээ. Энэ хүртэл хотуудын айл өрх ганц хүүхэдтэй, хөдөө тосгоны гэр бүлүүдийн анхны хүүхэд нь эмэгтэй бол дүү гаргахыг зөвшөөрч байв.
Хязгаарлах бодлогыг эсэргүүцэгчид нийт хүн амын доторх хүйсийн харьцаа алдагдаж байгааг баримт болгон тавих болсон байна. Энэ үзэгдлийг тэд “сүйрэл” гэж нэрлэв. Эрчүүд нь бүсгүйчүүдээсээ 33.7 саяар давж, 700.7 сая болжээ. Хязгаарлах бодлогоос болж тээж яваа хүүхдээ эм хүйстэйг нь мэдмэгцээ устгах болсон нь хүүтэй байх нь нэр хүндтэй төдийгүй эдийн засгийн хувьд ч ашигтай гэж үзэх болсонтой нь холбоотой байлаа. Үүнээс болж хүйсийн харьцаа тэнцвэргүй болж, 100 охинд 120 хөвгүүн “ногдох” болсон аж. Түүнээс гадна ахимаг хүмүүсийн тоо олширч, 2050 он гэхэд Хятадын хүн амын гуравны нэг нь 60-аас дээш настан болж, тэтгэвэр авагчдын тоо АНУ-ын хүн амтай тэнцэх хэмжээнд очихоор болоод байгаа юм байна. Үүнээс үүдэж хөдөлмөрийн чадвартай хүмүүсийн нөөц 2050 онд 17.3 хувиар цөөрөх төлөвтэй болжээ. 2014 оны байдлаар 772 сая хүн хөдөлмөр эрхэлж байжээ. Энэ нь мэдээж залуусын тоо буурч, хөгшдийнх нэмэгдэж байна гэсэн үг. 1950 онд 60-аас дээш настан 41 сая байсан бол энэ онд 130 сая гаруйд хүрсэн байна. 2015 оны эхний байдлаар Хятадын хүн ам 1.3 тэрбум хүрч, өсөлт нь 2014 онд 7.1 сая байв.
“Нэг өрх-нэг хүүхэд” бодлогоо цуцалж буйтай холбогдуулан Хятадын цагаачид хааяагүй “цутгана” гэх болгоомжлол бий болж эхэлж буй ч бүс нутгуудын хөгжил нь харилцан адилгүй, тухайлбал зүүн нутаг, далайн эрэг дагуу өндөр хөгжилтэй бол Шиньжан-Уйгар гээд сул хөгжилтэй газар нутаг бий тул хятадууд олноор цагаачлах ирээдүй ойрын үед байхгүй болов уу гэж үзэж болохоор. Бас “нам, засаг зөвшөөрлөө” гээд хятадууд учиргүй хүүхэд цувуулаад байхгүй, харьцангуй тогтвортой түвшинд байлгах, хүн амаа 1.5 тэрбумаас хол хэтрүүлэхгүй төрөлтийн түвшинг 1.8 хувьд “бариад (одоо 1.4 хувь байгаа) байх” магадлал бий гэж шинжээчид үзэж буй юм. Жилд Хятадын хүн ам 1-2 саяар өснө гэж хүн ам судлаачид нь таамаглаж байна.
Шинэ шийдвэрийн хүрээнд 15-20 сая гэр бүл хамрагдана гэж үзвэл тэдний нэлээд нь төлбөрөө төлөөд юм уу гадаадад очоод хоёр дахь хүүхдээ нэгэнт төрүүлчихсэн байгаа аж. Санхүүгийн боломжоосоо шалтгаалаад хоёр дахь хүүхдээ төрүүлэхийг яарахгүй хос ч цөөнгүй. Хүүхэд төрүүлэх боломжтой хосын 37 хувь яг ийм “гацаанд” байна.1979 онд хязгаарлах бодлого хэрэгжиж эхэлснээс 400 сая хүүхэд төрөхөд “саад хийжээ” гэсэн тооцоо байдаг юм байна. Мөн нэг хүүхэдтэй байх бодлогыг зөрчсөнөөс хоёр их наяд (315 тэрбум ам.доллар) юанийн торгууль хурааж авчээ. Хамгийн өндөр 7.5 сая юанийн торгуулийг гурван хүүхэдтэй болсон кино найруулагч Чан Имоу өнгөрсөн онд төлсөн байна.